dobu.mndobu

"Хүзүүгээ хугалж, бэлтгэл дутуу хийсэн ч дайчин тулалдаж, ухаан зааж яллаа"

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-09

"Хүзүүгээ хугалж, бэлтгэл дутуу хийсэн ч дайчин тулалдаж, ухаан зааж яллаа"

Холимог тулаанч Б.Энх-Оргил "One Championship" холбооны 66 кг-ийн жингийн аваргын бүсний тулаанд өрсөлдөгчөө боолтоор ялж, дэлхийн аварга болсон билээ. Тэрбээр өчигдөр (2025.12.08) эх орондоо ирлээ. Энэ үеэр хэвлэлд дараах ярилцлагыг өгөв.

-Нутагтаа ирсэн таны сэтгэгдэл ямар байна вэ?

-Монголчууд маань их сайхан хүлээж авч байгаад баярлаж байна. Аварга болж чадлаа. 25 жил бэлтгэл хийсний шагналаа өнөөдөр хүртэж буйдаа туйлын их баяртай байна. Миний багш Ж.Нарантунгалаг 2014 онд "One Champions" холбоонд түрүүлж дэлхийн аварга бол байсан түүхтэй. Багшийнхаа амжилтыг 11 жилийн дараа давтаж буйдаа баяртай байна. Багшаасаа суралцаж, хамт бэлтгэл хийж, хамтдаа хичээж энэ амжилтад хүрч чадлаа.

-Тулааны дараагаар эх орондоо очиж амармаар байна гэсэн шүү дээ. Маш хүнд тулаан болов уу?

-Тулааны дараа маш их ядарсан. Монголдоо ирж хэд хоног сайхан амармаар санагдсан.

Тулаанд нэг нь ялж, нөгөөх нь ялагддаг. Энэ удаагийн тулаанд би ялж чадлаа. Олон сайхан зүйл тохиож, тэр өдрийн тэнгэр миний талд буулаа.

-Ээж нь анхны тэмцээнд явахад тань цалингийн зээл авч явуулсан байдаг. Өнөөдөр таныг тосож авч байна?

-2003 онд ээж минь цалингийн зээл авч намайг дэмжиж, таеквондогийн тэмцээнд явуулж байсан. Өнөөдөр намайг тосож авч байна.

Маш олон хүний дэмжлэг, туслалцааг тэнгэр харж үзэж ялалтыг надад өглөө гэж ойлгож байгаа. Ээждээ маш их талархдаг.

-11 жилийн дараа багшийнхаа амжилтыг давтлаа шүү дээ?

-Багшийгаа ид тулалдаж байх үед нь учирч, шавь нь болсон. Тиймээс мэргэжлийн тамирчин хүн хэр зэргийн ачаалалтай бэлтгэл хийдэг гэдгийг багаасаа мэдэрсэн. Өнөөдөр аваргын баяраа хамт тэмдэглэж байгаадаа баяртай байна.

Түүний багш, МУГТ Ж.Нарантунгалаг мөн сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр "Б.Энх-Оргилын маань уйгагүй хөдөлмөр, тууштай бэлтгэл сургуулилалтын үр дүнд дэлхийн аварга болж чадлаа. Жин хасахын тулд маш хүнд зүйлийг туулсан. Бэлтгэлийн хувьд бага зэргийн дутуу орсон. Тэмцээний сураг гарсан наймдугаар сарын үеэр хүзүүгээ хугалчихсан. Ингээд аравдугаар сарын дунд хүртэл ачаалалтай бэлтгэлд орж чадалгүй явсаар арваннэгдүгээр сараас бэлтгэлээ шахаж эхэлсэн. Гэсэн ч маш дайчин тулаан үзүүлж, ур ухаан зааж, ялсанд нь үнэхээр их баяртай байна" хэмээн хэллээ. 

Холимог тулаанч Б.Энх-Оргилын багш МУГТ Ж.Нарантунгалаг 2014 онд Дубайд болсон "One championship" холбооны дэлхийн аварга болж байсан түүхтэй. Түүнээс 11 жилийн дараа шавь нь багшийнхаа амжилтыг давтаж буй юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.