dobu.mndobu

Татварын өрийг өршөөнө гэдэг эдийн засагт маш хохиролтой

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-09

Татварын өрийг өршөөнө гэдэг эдийн засагт маш хохиролтой

Сөрөг хүчин л сөрөх ёстой гэсэн ойлголт нь буруу юм. Тухайлбал, АН-аас татварын өрийг өршөөх тухай хууль санаачлан танилцуулж байгаа нь улс орны эдийн засагт асар хортой зүйл. Тэгээд ч татварын өрийг өршөөхөд жижиг дунд бизнес эрхлэгчид хохирч, улс төр, бизнес бүлэглэлийнхэн хожиж үлддэг бичигдээгүй хуультай. Өнөөдрийн байдлаар 320 мянган иргэн, ААН-ийн 6.5 их наядын өр, хүү алданги хуримтлагдсан байгааг мэдээлсэн. Тэгэхээр энэ 6.5 их наяд төгрөгийн татварын өр бол татвараас зайлсхийдэг, улс төр, хуулийн цоорхой харж суудаг, хэдэн тэрбумын татварын өртэй нөхдийн асуудал. Үүний багахан хувь нь бичил бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэгчид байдаг. Тэдний татварын өр хэдхэн сая төгрөг л байдгийг судалгаанаас харж болно. 

Улс төр, бизнес бүлэглэлийн нэг компани 100 тэрбум төгрөгийн татварын өртэй, мөн бичил бизнес эрхлэгчийн компани 10 сая төгрөгийн татварын өртэй байна гэж бодоход энэ хуулиар адилхан л өршөөнө. Бизнес эрхэлж ашиг олчихоод татвараа төлөөгүй нөхдийн өрийг татвараа шударгаар төлөөд ажиллаж амьдарч байгаа иргэдийн халааснаас гаргаж өгөх гэж байгаа нь утгагүй зүйл.

Монгол Улсын эдийн засаг тийм ч сайнгүй байна. Түүнчлэн “Татвар буй дор төр буй” гэдэг үг бий. Монгол Улсын Төр татвар дор оршиж байгаа. Төрийн бүхий л ажиллагаа татварын орлогоор амь зуудаг. Алсхан харвал энд улс орны эдийн засгийн цусны эргэлтийн нэгэн том салаа судас бий. 

Монгол Улсын Төр 1991, 2001, 2006, 2008 онуудад Татварын өрийн өршөөл үзүүлэх тухай, 2015 онд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль баталж, дахин дахин өргөн хүрээний өршөөл үзүүлж самарсан байдаг. Сүүлдээ “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих” хэмээж хүртэл өршөөж байсан. 

УИХ-аас 2008 онд татварын өршөөлийн хууль батлахад урьд өмнө татвар төлөгчөөр бүртгэгдэж байгаагүй аж ахуйн нэгжүүд олноор гарч ирсэн. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаа нь далд хэлбэрт явж байсан нөхдүүд өршөөлийн хуулийн сургаар ил гарч ирээд өршөөлд хамрагдсан. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.