dobu.mndobu

Монголын нутаг дэвсгэрээс хулгайлагдсан үлэг гүрвэлийн чулуужсан олдворуудыг эргүүлэн авчээ

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-09

Монголын нутаг дэвсгэрээс хулгайлагдсан үлэг гүрвэлийн чулуужсан олдворуудыг эргүүлэн авчээ

​Бүгд Найрамдах Франц Улсын хууль сахиулах байгууллагаас 2013, 2015 онд хураасан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Монгол Улсад үнэ төлбөргүй хүлээлцэв.

Актад гарын үсэг зурах ёслол өчигдөр Парис хотноо зохион байгуулагдажээ. Тус улсын хууль сахиулах байгууллагын шалгалтаар эдгээр олдворууд нь Монголын говиос олддог үлэг гүрвэлийн чулуужсан олдвор болох нь тогтоогджээ. 

Гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Бүгд Найрамдах Франц Улсын Төрийн сан, үйл ажиллагааны сайд Амели де Мончалин болон хоёр талын албаны хүмүүс оролцов.   

Монголд хүлээлгэн өгч байгаа 29 багц олдвор дунд 70-65 сая жилийн тэртээ Монголын говиор амьдарч байсан тарбозаврбатаар, теропод, орнитомимозавр, гидрозавр зэрэг шинжлэх ухааны нэн өндөр ач холбогдолтой үлэг гүрвэлийн чулуужсан ясны хэсгүүд байгааг шинжээчид дүгнэлтдээ дурджээ. 
Тодруулбал, Монгол, Франц Улсын хууль сахиулах байгууллага, дипломат төлөөлөгчийн газар, холбогдох яамд зэрэг байгууллагын урт удаан үргэлжилсэн хамтын ажиллагааны үр дүнд 2025 оны зургаадугаар сарын 10-ны өдөр Францын Лион хотын давж заалдах шатны шүүхээс үлэг гүрвэлийн 29 багц олдворыг Монгол Улсад эгүүлэн өгөх шийдвэрийг гаргасан байна. Ийнхүү 10-аад жил үргэлжилсэн хэргийн үйл явц эцэслэн шийдэгджээ. Эдгээр чулуужсан олдворын дунд тарбозаврбатаар, теропод, овирапторозаврын бүтэн хэлхээ яс болон шүд, хавирга, эрүү, нуруу, сарвуу, дунд чөмөг, шагай зэрэг бусад хэсгийн яснууд, теропод овираптозаврын өндөг зэрэг шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой, онц сонирхолтой олон олдворууд багтаж байна. 

 

Монгол Улсад эгүүлэн авч буй эдгээр үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Байгалийн түүхийн музейд шилжүүлж, шинжлэх ухааны арга зүйн дагуу нарийвчлан судлах ажлыг зохион байгуулж, зарим олдворыг 2026 онд шинээр ашиглалтад орох Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн Палеонтологийн хэсэгт байрлуулахаар урьдчилсан байдлаар төлөвлөсөн байна. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.