dobu.mndobu

Дэд сайд гэх “Мануухай” томилох нь засгийн насанд цөвтэй

Дэд сайд гэх “Мануухай” томилох нь засгийн насанд цөвтэй

Бүтээмжийн болон Хяналтын менежерүүдээсээ салж чадаагүй байж Дэд сайдуудыг оруулж ирж байгаа нь харамсалтай. “Төр данхар бүтэцтэй байна, цомхотгоно”, “Төрийн хэмнэлт хийж бүсээ чангална” хэмээн үүрэгдсэн Гүйцэтгэх засаглалын тэргүүн Г.Занданшатарын энэхүү шийдвэр цагаа олсонгүй. 

Дэд сайдууд гэж юу вэ гэхээр сайдтай адилхан хангамж эдэлдэг “Мануухайнууд”. Тэд сайдын ажил хэргээ явуулдаг өрөөнд адилхан сууна, сайдын унадаг машиныг унана, сайдтай адилхан Зөвлөх, Туслах үүдэндээ суулгана, утас, интернэт, бичиг хэрэг, цай ундаанаас эхлээд сайдтай ижил түвшний хэрэглээтэй. Гэвч ямар ч эрх мэдэл байхгүй, улс төрд горилогчдын “мануухай” болж суудаг орон тоо. Шуудхан хэлэхэд МАН-аас тэднийг татвар төлөгчдийн мөнгөөр хооллож байна гэсэн үг. 

Уг нь “Хулгайтай тэмцэнэ” гэж байсан Ерөнхий сайд Г.Занданшатар албан тушаал, томилгооны хулгай хийгээд эхэллээ. Түүний томилгоо эхнээсээ олны таалалд нийцэхгүй байхад Дэд сайдууд томилж байгаа нь энэ Засгийн газрын нас хэчнээн богино байгааг харуулна. Ирэх хаврын урт өдрүүдийг лав туулж чадахгүй. Тухайлбал, С.Наранцогтыг Эрдэнэс Монголоос Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилж, түүний оронд нутгийн дүү Б.Даваадалайг томилох сураг байгаа. Мөнхүү Сонгуулийн ерөнхий хорооны дарга Б.Дэлгэрнаранг Гаалийн ерөнхий газрын даргаар томилох зэрэг нь огтхон ч таалагдаагүй. Ер нь Дэд сайд гэх “Мануухай” томилохгүй бол улс орны амьдрал сүйрчих гээд байгаа юм уу. Харин ч тэднийг томилсноор татвар төлөгчдийн нуруун дээр ирэх ачаа л нэмэгдэнэ. 

Тэгээд ч МАН-ын Удирдах зөвлөлөөс оруулж ирсэн Дэд сайдуудын нэрсийг харахад улс төрд горилж яваа мөнгөтэй хөрөнгөтэй, Төрийн албаны дадлага туршлага байхгүй өв залгамжлагч Нялх Сэнгүмүүд харагдана лээ. 

Тухайлбал, Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын Дэд сайд Г.Дашням гэхэд “Магнай трейд”-ийн өв залгамжлагч, өнгөрөгч 2024 оны сонгуульд нэр дэвшээд унасан, Төрийн албанд ажиллаж үзээгүй нөхөр ирж байна. Скүүтэр гэх зүйл нэвтрүүлж, Монголын хүүхэд залуучуудыг олноор нь гэмтээж, амь насанд нь заналхийлж байсан нөхрийг “залуучуудын” гэх тодотголтой яаманд Дэд сайдаар шүү. Яахав, хөрөнгөтний өв залгамжлагч учраас МАН-ын санхүүжилтэд хэрэгтэй гэсэн байх. Түүнээс “Эсгий хийх газар нохой хэрэггүй” л гэдэг болно.

Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Дэд сайд Б.Мөнхтамир гэхэд МИАТ-ийн Гүйцэтгэх захирлаас өчигдөрхөн шаардлага хангаагүй, хариуцлага тооцох ёстой хэмээн туугдаж байсан бол одоо Дэд сайд болж байгаа нь улс төрийн наймаа гэж болно. Магадгүй МИАТ-ийн захирлаар Хангайн бүс, тэр тусмаа Баянхонгорын хэн нэгэн цүнх баригч очих тохироо ч байж болно. 

Тэгвэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Манлай уяач Б.Нямжав гэхэд насаараа морь уяснаас өөр эрдэмгүй, Миеэгомбын Энхболдын далбаан дор уяачдыг базаж явсан нөхөр. Энэ томилгооноос харахад Ерөнхий сайд Г.Занданшатар Л.Оюун-Эрдэнэд чамлагдсан МАН-ын гомдогсдыг эргүүлэн цуглуулж байгаа гэх мэдээлэл үнэн болж таарлаа. Тэгээд ч Б.Нямжаваар Монголын хүнс, хөдөө аж ахуйн салбар дутав гэж. Араб, Англиас адуу зөөлгөх гээгүй бол юугаа хийх юм. Түүнчлэн Эдийн засгийн хөгжлийн Дэд сайд С.Даваасүрэн гэхэд Л.Оюун-Эрдэнэд чамлагдан, өнгөрөгч сонгуулиар мандатгүй хоцорсон. Энэхүү шарандаа бие даан нэр дэвшээд унасан эмэгтэй. Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан зэрэг туршлага бол бий байх. Гагцхүү Г.Занданшатар сайд энэ мэтээр МАН болон Л.Оюун-Эрдэнэд гомдогсдыг эргүүлэн цуглуулж байгааг хэд хэдэн томилгоо харуулах болов. 

Эцэст нь хэлэхэд Дэд сайдууд томилж байгаа нь олон талын үр ашиггүй гэдгийг дээр дурдлаа. Хамгийн гол нь арай гэж зүтгэж “шороотой” байгуулсан Г.Занданшатарын Засгийн газрын нас хэтэрхий богино болж байна. 

 


 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.