0

Засгийн газраас Төрийн өмчит МИАТ, Дулааны III, IV цахилгаан станц, Эрдэнэт үйлдвэр зэрэг газруудыг 100 хувь, Багануур, Эрдэнэс Тавантолгой компанийн тодорхой хувийг Төр өөртөө авч үлдэн хувьчлахаар УИХ-ын чуулганаар хэлэлцэж дэмжлээ. Ашигтай, ашиггүй ажиллаж байгаа Төрийн өмчит компаниудыг хувьчлах нь зөв байх. Гэхдээ Төрийн өмчийг олноор нь нэг дор хувьчлах цаг үе нь мөн үү, чухам ямар зорилгоор хувьчилж байна, хувьчлалаас үүдсэн олон сөрөг асуудал үүсэхээр байгааг хөндөхөөс өөр аргагүй.
ИЙМ ҮЕД ХУВЬЧИЛНА ГЭДЭГ БҮЛЭГЛЭЛИЙН ОЛЗ БОЛНО
Эдийн засаг хямарсан, иргэдийн орлого хумигдсан, аж ахуйн нэгжүүд мөнгө санхүүгийн боломжгүй ийм үед Төрийн өмчийг олноор нь нэг дор хувьчлах нь иргэдэд хүртээмжгүй болно. Харин эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй улс төр, бизнес бүлэглэлийн гарт очно гэсэн үг. Үүний цаана ямар нэгэн бүлэглэл ч байж магад. Өнөөдөр өмч хувьчлалд оролцох сонирхолтой аж ахуйн нэгжүүд олон байгаа ч Төрийн бодлогогүй ажиллагааны улмаас ихэнх аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барихдаа тулчихсан байна. Тэгэхээр бүлэглэлийн олз болно гэсэн үг
ХУВЬЧЛАЛ ГЭДЭГ МӨНГӨ БОСГОХ АРГА БИШ ШҮҮ
Эдийн засаг туйлдсан энэ үед төсвийн орлого тасарсан, экспортын гол нэрийн бүтээгдэхүүний урсгал татарч, үнэ унасан энэ үед Засгийн газраас Төрийн өмчийг олноор яаравчлан хувьчлахаар шийдвэрлэж байгаагийн цаана юу байна. Магадгүй төсвийн тасархай нөхөх гэсэн юм биш биз гэх хардлага байгааг үгүйсгэхгүй. Тэгэхээр Төрийн өмчийн шинэчлэл нь мөнгө босгох биш, урт хугацааны хөгжлийн стратеги байх ёстой. Товчхондоо алийг нь авч үлдэх юм, юуг нь шинэчлэх юм, аль компанийг нь хувьчлах юм гэх зэрэг олон асуудлыг нухацтай авч үзэх ёстой. Эсвэл тодорхой хувийг нь олон нийтийн болговол зах зээл, эдийн засаг, үйлдвэрлэл үйлчилгээ ямар хугацаанд хэдэн хувиар өсөж тэлэх вэ, ажилгүйдэл ядуурал хэрхэн буурах вэ гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй, үе шаттай, нарийн тооцоотой, хатуу хяналттай, урт хугацааны төлөвлөгөөтэйгөөр шийдэх учиртай гэдгийг ч шинжээчид хэлж байна.
ТӨР ЯДАХАД СТРАТЕГИЙН САЛБАРЫНХАА 51 ХУВИА АВЧ ҮЛДЭЭЧ
Дулааны цахилгаан станцуудыг 100 хувь хувьчилж байгааг зөвтгөх аргагүй. Энэ бол стратегийн салбар, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц зүйл. Олон улсын туршлага ч эрчим хүч, дулааны цахилгаан станц, ус зэргийг төрийнхөө мэдэлд байлгадаг. Хувьчлаад буруудсан туршлага ч бий. Хувьд очсон Дулааны цахилгаан станц иргэд хооронд төлбөр тооцооны маргаан дэгдэж, хаахдаа тулбал яах вэ. Мөн иргэний агаарын тээвэр бол стратегийн гол салбар. Гэтэл 100 хувь хувьчилна гэж байгааг хүлээн зөвшөөрөх аргагүй. Ядахад 51 хувиа Төр өөрөө авч үлдмээр юм. Нэг өдөр дулааны хаах ч юм уу, үнэ нэмэхэд хэн юу хэлэх юм.
ОЛОН МЯНГАН ХҮН АЖИЛГҮЙ БОЛВОЛ ЯАХ ВЭ
Өмч хувьчлалд орохоор зэхэж буй эдгээр аж ахуйн нэгжүүдэд олон мянган хүн ажиллаж байгаа. Хувьд очсоноор эдгээр ажлын байр хадгалагдаж чадах уу. Энэ олон мянган хүний ажлын байр, ирээдүй үеийн тогтвортой хөгжил, нийгмийн суурь хэрэгцээг хангах үндэс суурьтай шууд холбоотой зүйл. Хүнд хэцүү үед олон мянган хүнийг гудамжинд гаргах эрсдэл үүсэж мэдэхээр харагдана.
ХАМААГҮЙ ХУВЬЧИЛЖ БАЙГААГИЙН ЦААНА ЯМАР АШИГ СОНИРХОЛ БАЙНА
Төрийн өмчийг хувьчлахад мэдээ мэдээлэлд ойр байсан, эрх мэдэл бүхий хүмүүс, тэдний хамаарал бүхий хүмүүс л авдгийг бид бүхэн мэднэ. Нөгөө талаар бүлэглэл Төрийн өмчит зарим компаниудыг эртнээс төлөвлөгөөний дагуу хэргээр ашиггүй ажиллуулж алдагдалд оруулж байгаад хувьчилдаг. Ингэхээр ямар нэг гацаа байдаггүй, нөгөө талаар үнэ хямд авч болдог. Хамгийн сүүлийн жишээ гэхэд жилд нэг их наяд гаруй төгрөгийн орлоготой ажилладаг МИАТ компанийн 49 хувийг 23 тэрбум төгрөгөөр хувьчлах нэрээр зарах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, дэмжлэг аваагүй буцаж байв. Олноор нь оруулж ирж байгаа хувьчлалын зарим талд ийм асуудал байхыг үгүйсгэхгүй.
БИДЭНД ГАШУУН ТУРШЛАГА БИЙ
Бидэнд гашуун туршлага бий. Эрдэнэтийн 49 хувийг хувьчлаад ямар нөхцөл байдлыг тууллаа. Хөтлийн цемент шохойны үйлдвэрийн хувьчлалыг буруу байсан гээд Төрд буцаан авсан. Тус үйлдвэрийг 1.3 тэрбум төгрөгөөр хувьчилж, эргүүлж авахад 800 тэрбум төгрөгийн өртэй, шүүхийн маргаантай байсан. Мөн 1992-2000 оны хооронд явагдсан олон хувьчлалын гашуун туршлага бий.
МОНГОЛД ТӨРИЙН ӨМЧИТ БОЛОН ТӨРИЙН ОРОЛЦООТОЙ 101 КОМПАНИ БИЙ
Монгол Улс өмч хувьчлалын бодлого хэрэгжүүлээд 35 жил болоход нийт 2019 аж ахуйн нэгж, үл хөдлөх хөрөнгө, хувьцааг бүхэлд нь, эсвэл тодорхой хувийг хувьчилж, улсын төсөвт 278 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх, хувийн хэвшлийг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан хэмээн хувьчлахаар зэхэж байгаа өндөр дээдэс хэлнэ лээ. Гэхдээ л гашуун туршлага байгааг мартаж болохгүй. Манай улсад уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, зам, тээвэр, банк, санхүү, мэдээлэл харилцаа зэрэг салбаруудад толгой компани 84, тэдгээрийн охин, хараат компани 17 нийт 101 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газрууд үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдгээр компани, үйлдвэрийн газруудаас 100 хувь төрийн өмчийн 73, төрийн өмчийн оролцоотой 22, олон нийтийн нээлттэй хувьцаат компани зургаан компани байдгийг УИХ-ын чуулганы хуралдаанаар дурдана лээ.
Хувьчлалд багтсан Төрийн өмчит компаниуд
1.“Монголын цахилгаан холбоо” ХК
2.“Хөдөө аж ахуйн бирж” ХХК
3.“Үндэсний давхар даатгал” ХК
4.“Монголын хөрөнгийн бирж” ХК
5.“Хөдөө аж ахуйн корпорац” ХХК
6.“Шивээ овоо” ХК
7.“Багануур” ХК
8.“МИАТ” ТӨХК
9.“Төрийн банк” ХК
10.“Эрдэнэс Тавантолгой” ХК
11.“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
12.“Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
13.“Дулааны III цахилгаан станц” ХК
14.“Дулааны IV цахилгаан станц” ХК
15.“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК
16.“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК
17.“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК
18.“Амгалан дулааны станц” ТӨХК
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.