0

Өнөөдрөөс /2026.01.01/ нийгэм, эрүүл мэнд, боловсрол зэрэг олон салбарт дараах хууль, тогтоомж, шийдвэрүүд хэрэгжиж эхэлнэ.
ЭМЧ НАРЫН ҮНДСЭН ЦАЛИНГ 50 ХУВИАР НЭМЭГДҮҮЛНЭ
2026 оны нэгдүгээр сараас эмч нарын цалинг 30 хувь нэмснээр одоогийн 1.1 сая төгрөгийн үндсэн цалин хоёр сая 40 мянган төгрөг болж нэмэгдэнэ. Түүнчлэн залуу эмч нарын цалин 1.4 сая байгааг 1.9 сая төгрөг болгоно. Цаашид үе шаттайгаар 75 хувиар нэмж 2026 ондоо багтааж гурван сая төгрөгт хүргэхээр төлөвлөөд буй.
БАГШ НАРЫН ҮНДСЭН ЦАЛИНГ 50 ХУВИАР НЭМЭГДҮҮЛНЭ
Энэ сараас багш нарын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлнэ. Тодруулбал, 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 26 хувиар нэмэгдүүлж, 2.8 сая төгрөгт хүргэхээр болж, төсөвт эх үүсвэрийг суулгасан. 2026 оны долоодугаар сарын 1-ээс дахин нэмэгдүүлэхээр тус тус тусгасан билээ.
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН АВТОМАШИНЫ ТОРГУУЛЬ НОГДУУЛНА
Хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын системээр торгууль ногдуулах арга хэмжээ 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. 2024, 2025 онд нийслэлийн төсвөөс Улаанбаатар хотын 176 гэрэл, дохиотой уулзварт нийт 1606 ширхэг хиймэл оюун ухаанд суурилсан AI камер суурилуулж, туршилтын ажиллагааг эхлүүлсэн. Эдгээр камерууд нь замын хөдөлгөөний нийт 10 төрлийн зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцох юм. Тухайлбал, тээврийн хэрэгслийн улсын дугаар, хуурамч бүртгэлийн дугаар, агшин зуурын хурд, үргэлжилсэн цагаан шугам давж эргэх, хамгаалах бүс, гэрэл дохио зөрчсөн, чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр зогссон, тээврийн хэрэгслийн татвар, даатгал төлөөгүй зэрэг зөрчлүүдийг илрүүлж, хариуцлага тооцох юм. Өнөөдрийг хүртэл зөрчил гаргасан жолооч нарт мессеж илгээж, сануулах арга хэмжээг авч байсан. Тэгвэл 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс AI камераар зөрчил илрүүлсэн тохиолдолд торгуулийн арга хэмжээг авах юм.
АЛБА ХААГЧ НАС БАРВАЛ 36 САРЫН ТЭТГЭМЖИЙГ НАС БАРСАН Ч АР ГЭРТ НЬ НӨХӨН ОЛГОНО
Төрд насаараа зүтгэсэн албан хаагчдынхаа хөдөлмөр зүтгэлийг үнэгүйдүүлэхгүйн тулд тэдгээр иргэд 36 сарынхаа тэтгэмжээ авч амжилгүй нас барсан тохиолдолд тухайн албан хаагчийн тэтгэмжийг үр хүүхэд, хань ижилд нь өвлүүлдэг байх зохицуулалт 2026 оноос хэрэгжинэ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцуулсан билээ.
АХМАД НАСТНЫ ТЭТГЭВЭР 80 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулиуд хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Эдгээр нь тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэрийг тогтвортой байлгах, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалахад чиглэж буй.
Энэ хүрээнд ахмад насны тэтгэврийг ирэх оны нэгдүгээр сараас тэгш 80 мянган төгрөгөөр нэмэх юм. Энэ талаар Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Ерөнхий сайдад таван хувилбараа танилцуулаад 474.7 тэрбум төгрөгийг бүх ахмаддаа хуваагаад тэтгэвэр авагч бүр дээр 80 мянган төгрөг нэмэх энэ хувилбарыг сонгосон. Энэ нь шударга байдлыг хангана. Ирэх 2026 онд 537 мянган ахмад тэтгэвэр авах судалгаа гарсан” хэмээж байв.
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАН ХААГЧДЫН НЭМЭГДЛИЙГ 10 ХУВИАР НЭМНЭ
Засгийн газрын 2025 оны 83 дугаар тогтоолоор Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журмыг шинэчлэн тогтоож, эрсдэлтэй нөхцөлд ажилладаг алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зорилт тусгагдсан.
Тодруулбал, "Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-д өөрчлөлт оруулж, "30 хувиар" гэснийг "40 хувиар" гэж өөрчилсөн тогтоолыг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж, мөрдөнө. Мөн шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах аж.
16,000 ХҮРТЭЛХ ХҮҮХЭД ТУТАМД НЭГ УЛСЫН БАЙЦААГЧ АЖИЛЛУУЛНА
Засгийн газрын 2024 оны 143 дугаар тогтоолоор Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоог тогтоосон нь хүүхдийн эрхийн хэрэгжилтэд тавих хяналт, хариуцлагыг бодитой болгох алхам гэж үзэж байгаа юм. Энэ хүрээнд Аймаг, нийслэлд ажиллах хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоог 16,000 хүртэлх хүүхэд тутамд нэг улсын байцаагч ажиллуулахаар тооцож, баталсан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг 2026 оноос жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэх аж.
ИРГЭД ХУРИМТЛАЛЫН САНГААС АШИГ ХҮРТЭНЭ
Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр байгалийн баялгаас олж буй орлогыг хуримтлуулах, ирээдүй үеийнхэнд хүртээмжтэй хуваарилах, сангийн ил тод, хариуцлагатай удирдлагыг хангах зорилт хэрэгжинэ. Энэ нь уул уурхайгаас хамааралтай эдийн засгийг урт хугацаанд тогтвортой байлгах бодлогын нэг чухал хэсэг юм.
Мөн уул уурхайн баялгаас ирээдүй хойчдоо өвлүүлэх, иргэн бүрд хувь хүртээх зорилгоор хуримтлалын сан нээсэн. Энэ хүрээнд 2025 оны эхний хагас жилийн байдлаар хуримтлалын санд 131.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг, хүүгийн орлого төвлөрчээ. Ингэснээр иргэний хуримтлалын нэрийн дансанд 36.3 мянган төгрөг нэмэгдэж, 175 мянган төгрөгийн хуримтлал үүссэн аж. Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр 2024 онд хуримтлалын санд 495.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг төвлөрч, Монгол Улсын иргэн бүрд хуваарилж нэг иргэнд 138 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэсэн.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу “Ирээдүйн өв сан”, “Хөгжлийн сан”, “Хуримтлалын сан” гэсэн гурван сантай болсон. Хуримтлалын сан нь уул уурхайн ТӨХК-иудын 34 хувь хүртэлх ногдол ашгаас бүрддэг. Энэ нь ард иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцад зарцуулагдах аж. Нэрийн дансанд бүртгэгдсэн хуримтлалын сангийн бүртгэлийн мэдээллийг иргэд E-Mongolia цахим платформын профайл цэсийн "Чингис Хаан" Үндэсний Баялгийн сан хэсгээс шалгах боломжтой юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.