0

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.30) Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
1991 онд батлагдсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, зах зээлийн эдийн засгийн тогтолцоо, Монгол Улсын Үндсэн хуулийн зарчим, Иргэний хууль, Компанийн тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиудтай нийцсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулжээ. Түүнчлэн тус хуулийн төсөл нь төрийн өмчит компанийн засаглалд захиргааны шууд хяналт тогтоох өмнөх нийгмийн зохицуулалтыг халж, компанийн дотоод хяналт, хариуцлага, хувьцаа эзэмшигчийн хяналтын ил тод, хязгаарлагдмал механизмаар орлуулах эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байгаа хэмээн төсөл санаачлагч тайлбарлав.
1991 онд батлагдсан Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн харилцаанд шилжиж байсан түр шилжилтийн үеийн хуулиудыг өнөөдрийг хүртэл хүчингүй болгоогүй байгаа нь эрх зүйн орчны зөрчил, давхардлыг бий болгож, төрийн байгууллагын оролцоог албадлагын замаар хэт төвлөрүүлэх, компанийн засаглалын хараат бус байдалд сөргөөр нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлж байна гэж үзэж байгаа аж. Тодруулбал, 2019 оноос хойш тус хуулийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК зэрэг хэд хэдэн томоохон компанид онцгой дэглэм тогтоож, Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Энэ нь эдгээр компанийн удирдлагын бүтэц, Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагаа, гүйцэтгэх удирдлагын шийдвэр гаргах эрхэд шууд хяналт тогтоох замаар компанийн бие даасан байдлыг хязгаарлаж, улс төрийн оролцоо, ашиг сонирхлын зөрчлийг нэмэгдүүлэх эрсдэл дагуулж байна гэв. Өөрөөр хэлбэл 1991 оны хуулийн хэрэглээ нь өнөөгийн эдийн засгийн бодит нөхцөлд нийцэхгүй болсон учраас хуулийн төсөлд дараах агуулгуудыг тусгажээ. Үүнд:
• 1991 оны “БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль”-ийг хүчингүй болсонд тооцох;
• Онцгой дэглэмийн хүрээнд эдийн засгийн хариу арга хэмжээ авах асуудлыг “Онц байдлын тухай” хуульд тусгах;
• Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалд удирдлагын хариуцлагыг дотоод хяналтын тогтолцоо, Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус байдлаар хангах боломжийг бүрдүүлэх;
• Төрийн өмчит компанид хяналт хэрэгжүүлэхдээ Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн эрх, төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хүрээнд ажиллах зарчмыг баталгаажуулах.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар хууль зүйн орчны давхардал, зөрчил арилж, төрийн оролцоо хуульд заасан хүрээгээр хязгаарлагдана. Төрийн өмчит компанийн засаглал ил тод, хариуцлагатай болж, улс төрийн нөлөө, авлига, ашиг сонирхлын эрсдэл буурах нөхцөл бүрдэнэ. Төрийн болон орон нутгийн өмчит компаниуд зах зээлийн зарчмаар бие даан үйл ажиллагаа явуулах, ашгийн төлөө үр ашигтай менежмент хэрэгжүүлэх чадамж нэмэгдэх бөгөөд компанийн гүйцэтгэл, үр ашиг илүү тогтвортой хэмжээнд хүрэх боломжтой болно гэж тооцоолжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.