dobu.mndobu

Говийн Есдүгээр Ноён хутагт Данзанлувсантүдэв: Энэ цаг үед миний хүлээх үүрэг хариуцлага өндөр тул хичээж явна

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-02

Говийн Есдүгээр Ноён хутагт Данзанлувсантүдэв: Энэ цаг үед миний хүлээх үүрэг хариуцлага өндөр тул хичээж явна

-Сайн байна уу, та. Сайхан өвөлжиж байна уу?

-Сайхаан, сайхан өвөлжиж байна уу.

-Та яг одоо юу хийж байна вэ гэсэн асуултаар яриагаа эхэлье. Үргэлжлүүлэн суралцсаар байгаа юу?

-Хийдийнхээ өдөр тутмын ажлыг хийж байгаа. Лам хүн бол суралцаж дуусна гэж байдаггүй, бурхны ном бол хэмжээлшгүй байдаг учраас сурчихлаа, боллоо гэсэн юм байхгүй, бүх насаараа суралцдаг. Энэ утгаараа өдөр бүр цааш ахиж суралцаж л явна.

-Хуучин бол Хамарын хийд, Хутагтын музей хоёр нэг удирдлагатай байсан. Энэ өөрчлөгдөөд хийдээ таныг хариуцдаг болсон гэж сонссон. Ажлаа явуулахад ямар нэгэн бэрхшээл учирч байна уу?

-Хийдийг анх 1990 онд З.Алтангэрэл тахилч, манай багш, Зүүнбаянд байсан Зоригтбаатар гуай, мөн энэ хавьд байсан настай лам нар нийлж дахин сэргээсэн. Алтангэрэл тахилч өөрөө 2019 он хүртэл хийдийг хариуцаж явсан. Түүнээс хойш наймдугаар үеийн тахилч Алтан-Очир маань хийдийг зургаан жилийн турш хариуцаж байгаад энэ жил цаг бусаар таалал болсон учраас, үүнээс хойш хийд орноо лам нар өөрсдөө хариуцаж явъя гэж ярилцаад намайг хийд хариуцсан хүнээр сонгосон. Ажил явуулахад тийм сүйдтэй бэрхшээлтэй юм бол гардаггүй. Өдөр болгоны хурлаа хураад, ирсэн тойрсон хүмүүст хийд орныхоо уламжлалт уншлага, засал номыг нь хийгээд явж байна.

-Сая та багш гэлээ. Дөш гуайг хэлж байна уу?

-Тэгж байна. Багшийг хэллээ.

-Хамарын хийдийн тусгай хамгаалалттай газрын захиргаа гээд нэг байгууллага бий. Хийдийн захиргаатай ямар байдлаар хамтарч ажилладаг юм бэ?

-Тийм газар хуучин бол байгаагүй юм аа. Сүүлд 2020-иод оны үед хийд орчмын газарт ашигт малтмал олборлох, ухаж төнхөх асуудал гарснаас үүдээд нэлээн хэл ам болсон. Тэр цаг үеэс хойш л тухайн үед байсан УИХ-ын гишүүдийн оролцоотойгоор аймаг орны зүгээс шийдвэр гаргаад тусгай хамгаалалттай газар болгосон. Хийдтэй уялдаа холбоотой хамтарч ажиллаад байгаа сүйдтэй юм байхгүй. Аймгаас хийд рүү явах замд болон энергийн төв рүү ороход хураадаг мөнгийг Тусгай хамгаалалттай газар хариуцдаг юм билээ.

-Хийд орчмын тохижилт, гэр буудлууд зэргийг аль тал нь хариуцдаг юм бэ. Тэр хурааж байгаа мөнгө хийд орчмын тохижилтод ашиглагддаг уу?

-Энэ мөнгө хураадаг бол 2004, 2005 оны үед эхэлсэн юм. Энергийн төв рүү ороход анх 500 төгрөг хураадаг байсан. Одоо 2000 төгрөг болсон байна лээ. Тэр мөнгө анхнаасаа л хийдэд орж байгаагүй, хийд 100 төгрөг ч авдаггүй. Хийд орчмын гэр буудлыг аймгийн Тамгын газар ерөнхийд нь хариуцаж байгаа байх.

-Тав, арван жилийн дараах Хамарын хийдийг хэрхэн харж байна вэ. Тохижилт, зохион байгуулалт гээд...?

-Гадна тохижилт аяндаа бага багаар хийгдээд явах зүйл. Хуучин байсан зүйлсээ ч сэргээгээд явна. Бид тохижилтоос илүүтэй залуу лам нарыг бэлтгэх, боловсон хүчний асуудлаа урьдаар бодож байна. Лам нараар дамжуулаад бурхны шашны үйл хэргийг сүсэгтэн олондоо хүргэдэг учраас боловсон хүчний асуудал чухал байна.

 -Одоо хийдийн нэр дээрээс шашны сургуульд сургах ч гэдэг юм уу, залуу лам нарыг бэлтгэх ажил хэр явж байна вэ?

 -Тийм тодорхой бэлтгэж байгаа юм алга байна. Яагаад гэхээр лам болох сонирхолтой хүүхэд ховор болсон. Энэ нь манай Дорноговьд ч биш, бүхий л аймаг орон нутагт тулгараад байгаа асуудал юм. Тэр байтугай Энэтхэг, Төвдөд ч ийм байдал ажиглагдаж байна. Ер нь лам болж сахил санваар сахиж, ном үзэж үүнийгээ бусдад түгээж, амьтны тусад явна гэдэг хаа газар ховор болчихоод байна. Би саяхан Лхас, Гүмбэн яваад ирсэн. Хорь гаран сүм хийдээр ороход хурал хурж байгаатай таарсангүй. Сүм хийд нь байна, бурхан шүтээн нь байна, дотор нь хурал хурж суугаа лам нар алга. Зүгээр л аялагч жуулчдад зориулсан маягтай болж. Тэгэхээр Энэтхэгт ч гэсэн лам нар цөөрч, энэ чухам юунаас болдог юм, цаг үе нийгмийн хөгжлөөс үү…

-Таны ярианаас боловсон хүчин бэлтгэнэ гэдэг нэлээн тулгамдсан асуудал юм байна гэж ойлголоо. Одоо Хамарын хийд маань нийт хэдэн ламтай байна вэ?

-Хийд маань одоо арав гаран ламтай. Ер нь улсын хэмжээгээр тооцож үзвэл манай Дорноговь, Өмнөговь лам цөөтэйд ордог. Баян-Өлгий бол ойлгомжтой, бараг ламгүй шахуу. Хамгийн их лам нартай аймаг нь Баянхонгор, Завхан, Архангай, Дорнод, Сүхбаатар юм даа.

-Ямар байдлаар боловсон хүчний асуудлаа шийдэх вэ. Лам болох хүүхдүүдийн сонирхлыг хэрхэн энэ чигт хандуулах талаар бодсон төлөвлөсөн юм юу байна вэ?

-Ард иргэдтэй ер нь их уулзах л хэрэгтэй юм. Энэ шашин, ном сургаалын талаар зөв таниулж, зөв ойлголт өгвөл хүмүүс хүүхдээ сүм хийдэд суулгах сонирхол төрнө. Хүүхдүүдээс өөрсдөөс нь асуугаад явна гэвэл энэ хангалттай биш. Эхний ээлжинд нутаг орныхоо иргэд олон нийтэд бурхны шашин, ном сургаалыг зөв таниулж ойлгуулах нь их чухал. Энэ тухайд аймгийн хийдийн хамба, Замын-Үүдийн лам нартай ярилцсан. Урин дулаан цаг болохоор хамтраад сум орон нутгаар явъя, шашин номынхоо үйл хэргийг ард иргэдэд илүү таниулъя, танин мэдэхүйн талаар илүү юм хийцгээе гэсэн яриа хөөрөө өрнөж байна.

-Та бол гурван тахилчийн үед амьдарч ном эрдмээ түгээж байгаа хутагт хүн. Өмнөх тахилчид болох долоо, наймтай хэр холбоотой байв. Ер нь тахилчдын тухайд таны бодол?

-Ноён хутагтын өв соёлыг хадгалж хамгаалах, ард иргэдэд таниулах түгээн дэлгэрүүлэх ажлыг хийдэг Ноён хутагтын сойвон бол үе үеийн Ноён хутагтуудын хамгийн итгэлт хүн нь юм. Үе дамжиж эцгээс хүүд залгамжилж ирдэг өндөр үүрэг хариуцлагатай ажил. Би хар нялхаараа шахуу долоодугаар үеийн тахилч дээр ирсэн. 1996 онд хийдэд ирээд 2019 онд таалал болтол нь цуг байсан даа. Наймдугаар тахилч Алтан-Очирыг багадаа аавыгаа дагаад хийд орноор ирж байхаас нь эхлээд мэднэ. 2019-2025 онд тахилч байлаа. Энэ хугацаанд тахилчтай сүрхий хамтарч хурал хуй шинэчлэх, сүм хийд сэргээх, ийшээ тийшээ явах зэргийн зүйл хийж байсангүй. Гэхдээ нэг нь хийдийн тахилч, нөгөө нь хийдийн лам учраас байнга холбоотой, ойр зуурынхаа юмыг ярьж хамтарч байсан. Тахилчийн хувьд хар залуугаараа таалал болсон учраас цаг хугацаа нь бас богинохон байлаа. Одоо харин есдүгээр үеийн тахилчийг зөв сайхан торниулж, тахилч гэдэг уламжлал, өв соёлыг өөрт нь ойлгуулж, үйл хэргээ цаашид залгамжлахад нь дэмжиж явъя л гэж бодож байна даа.

-Хутагтаар заларснаас хойш хүмүүсийн хандлага мэдээж өөрчлөгдсөн байж таарна. Өөрчлөлтийг та хэрхэн хүлээж авсан бэ?

-Би багаасаа лам болсон хүн. Хутагт тодрохоос өмнө 20 шахам жил, тодруулснаас хойш 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд ном сүрхий үзээд ойлгочихсон гэхгүй, ачит багш нарынхаа ивгээл буянаар ном нэлээн сонссон. Өмнөх хүмүүсийн хандлага байдал, одоогийн байгаа хүмүүсийн хандлага мэдээж шал ондоо л доо. Тэрийг хувь хүн би өөрөө л яаж өөр дээрээ тусгаж авах нь чухал болохоос бусдын харьцаанаас шалтгаалсан юм байхгүй.

-Таныг найз нөхөд чинь их шооч хүн гэж байсан. Хувь хүнийхээ хувьд өөрийгөө ямар хүн гэж дүгнэх вэ?

 -Аль болох энгийн даруу байхыг бодож явдаг. Хувь хүн талаасаа гэвэл зарчимч гэж хэлнэ. Түүнээс нэг их шооч наргианч бол биш ээ. Яахав, найз нөхөд дундаа нэгнээ явуулах шоглох, инээд наргиантай юм бол байдаг.

-Хатуу идээ хэрэглэдэг үү?

-За ёстой миний хамгийн дургүй зүйл архи, тамхи юм даа. Намайг 29 настайд Ноён хутагтаар тодруулсан. Түүнээс өмнө ч тэр, хойно нь ч тэр миний ганц чаддаггүй юм архи тамхи. Мөн шивээс хийлгэх гэх мэтэд огт сонирхолгүй, элдэв гаж зүйлсэд дургүй.

-Бурхны ном үзэхээс гадна танд сонирхдог зүйл гэж байгаа даа?

-/Инээв/ За юу юм бол доо. /бодолхийлэв/ Бид чинь эхээс арвуулаа. Таван эмэгтэй, таван эрэгтэй. Хөдөө дөрвөн ханатай жижиг гэрт бужигнаж өссөн. Жаахан цаг зав гарвал их тоглоно. Тухайн үед гар утас, интернэт гэж огт байсангүй. Хөдөөд тог цахилгаан байхгүй. Тэгээд хэдэн мал, тэнгэр хангай л гайгүйхэн шиг бол аав ээж, ах эгчтэйгээ ганц хийдэг юм нь тоглох. Хөзөр, шагай, даалуу гээд л.

-Одоо тэгж тоглох цаг гарах юм уу?

-Багадаа л тэгж их тоглодог байсан. Одоо цаг зав гарвал Монгол орноороо аялахыг хүсдэг.

-Таныг шүлэг зохиол бичдэг болов уу. Энэ чигийн авьяас, сонирхол хэр байдаг бол гэж олон хүн сонирхдог?

-Би бичихээр оролдож үзэж байсан. Ер нь бол болмоор юм билээ. Тухайн үеийн сэтгэл зүйн байдал их чухал юм байна гэж ойлгосон. Сэтгэл зүй ямар байна, ямар цаг үед байна вэ гээд. Өөрийгөө бичиж болмоор юм байна гэж бодсон ч одоохондоо бичье гэсэн сонирхол, бичээд байгаа юм бол алга.

-Болохоор юм билээ гэхийг бодоход бичсэн зүйл байгаа л юм байна даа. Тийм үү?

-Өөрийнхөө хэмжээнд анхан шатны л юм даа. Хүнд үзүүлсэн юм байхгүй ээ. Болох юм байна гэсэн мэдрэмжийг л өөртөө авсан.

-Одоо Хамарын хийддээ байнга суурин сууж байна уу?

-Өнгөрсөн хавраас эхлээд суурин суусан. Хийд орноо хариуцаж байгаа учраас цаашид байнга байна.

-Таны нэг өдөр хэрхэн өнгөрч байна вэ?

-/инээв/ Шандад байгаа үед өглөөдөө хийд рүүгээ явдаг. Өдөр тутмын ном уншлагаа уншаад гадаалах үеэр завтай болчихно. Манай хийд чинь төв суурин газар биш учраас байнга хүнтэй байхгүй, аялагчид болон зорьсон хүмүүс л очдог юм. Өдөр 14 цагийн үед Шанддаа ирнэ. Энд хүн хүлээж авч уулзаад байх хийдийн харьяаны оффис байхгүй учраас нэг их хүнтэй уулзаад байдаггүй. Намайг энд суурин байгаа ч гэж мэддэггүй байх. Ганц нэг таньж мэддэг хүн асууж сурах юм байвал яриад гэрээр ирж уулздаг. Ойр зуурт нь туслах юм байвал тусладаг. Шанд дахь нэг өдөр иймэрхүү байдлаар өнгөрнө. Ажлаар хөдөө гадаа, хот хүрээ их явна. Бас хааяа гадагшаа ч явах юм байна.

-Та бага насныхаа тухай дурсахгүй юу, ямархуу ааш араншинтай хүүхэд байв?

-Хөдөө малын захад өссөн. Хөлд орсон цагаасаа эхлээд л хурга тугал эргүүлээд ирдэг байсан гэж ярьдаг юм. Би дээрээ хоёр ахтай, тэгээд аав, ах нар л ажлын голыг нугалдаг. Би бол ойр зуур хонь хариулах, усанд явах зэргийг л хийнэ. Ааш араншингийн хувьд тийм эрх танхи байгаагүй. Олуулаа өссөн болохоор байгаагаа хувааж идээд, ах эгч нарын багадсан, илүү хувцсыг өмсөж л өссөн. Харин аавын ааш араншинг дуурайдаг юм уу, жаахан зөрүүд байсан гэдэг юм. Цохиод авах юм уу, аашлахаар гэрээс гараад холдчихдог. Дуудахаар улам цаашаа яваад байдаг, чимээгүй орхичихоор нэг мэдэхэд өөрөө ороод ирчихсэн идэж уугаад сууж байдаг хүүхэд байсан гэж ярьдаг юм.

-Анх яагаад лам болохоор шийдэв. Өөрийн хүслээр үү, эсвэл аав ээж нь нөлөөлөв үү?

-Өөрийн дур сонирхлоор л болсон доо. Аавын маань аав Өлгийн хийдэд лам байсан юм билээ. Аав нь лам байсан болоод ч тэр үү, аав ээж маань намайг лам болно гэхэд дуртай хүлээж авсан. Анх арван настай Өлгийн хийдэд лам болон суусан.

-Өлгийн хийдээс Хамарын хийд рүү шилжсэн тухайгаа дурсаач. Яагаад шилжих болов?

-1995 оны үед билүү дээ, их тахилч Алтангэрэл ах Өлгийн хийдэд очсон юм. Тэгэхэд анх Хамарын хийд гэж байдаг тухай сонссон. Өлгийн хийдэд хоёр жил гаран суугаад 1996 оны хулгана жил Хамарын хийдэд суух хүсэл төрж шилжсэн. Энэ нь бас учиртай байсан юм билээ. Миний өмнөх Наймдугаар Ноён хутагт 12 настай хүүхэд Өвөрмонголын Алшаад байх үед ямар учир шалтгаанаар юм, Монгол цэргүүд түүгээр явж байгаад наашаа нутаг буцах үе таарч, Хамарын хийд рүү авч ирэх гээд “Ар Монголын говьд таны өмнөх дүрийн байгуулсан, Тав, Зургаа, Долоодугаар Ноён хутагтын сууж байсан хийд байдаг аа. Таныг тэр хийдэд хүргэж өгье. Бид Монгол руу буцаж байна” гэж хэлсэн юм гэдэг. Энэ нь 1940-өөд оны үед шиг байгаа юм. Тэгээд Ноён хутагт хэлж “Би одоо явахгүй ээ. Хулгана жилд очно” гэж. Тэр ерөөл барилдлагаар ч юм уу, би өөрөө 1984 оны хулгана жилтэй, тэгээд 1996 оны хулгана жилд Хамарын хийдэд ирж суусан. Тэгэхээр цаанаасаа учир ерөөлтэй байжээ гэж боддог юм.

-Тэр үед Өлгийн хийдийн лам нар таныг шашны том зүтгэлтэн болно гэж ярьдаг байсан гэдэг. Танд өөрт бол мэдрэгддэг байв уу?

-Тухайн үед арван настай лам болоод Өлгийн хийдэд очсон өдөр намрын их хуралтай үе таарсан. Гурав хоног үргэлжилдэг Сайхан Гомбо гэдэг хурал хурж байсан. 1990-ээд он гарчихсан, шашин ном дэлгэрсэн үе учраас Мандах, Хөвсгөл, Хатанбулаг, Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай сумдаас настай лам нар, хөгшчүүл их цугларна. Тэр хүмүүс л намайг очсон өдрөөс эхлэн “хувилгаан хүн ирлээ” гэж ярьцгааж, манай багш нар ч бас тэгж хэлж байсан. Хуучны хүмүүсийн зөн биелсэн үү, эсвэл тэр хүмүүс мэдрэмжтэй байсан уу, анх очихдоо арай өөр харагдсан уу, мэдэхгүй юм. Би өөрөө тэр үед мэдэрсэн, ойлгосон юм ерөөсөө байгаагүй. Жаахан ч байж, дөнгөж лам болж байсан. Бараг анх удаагаа тийм олон хүний бараа харсан нь тэр байх.

-Анх өөрийгөө Данзанравжаа хутагтын хойд дүр гэдгээ мэдээд яаж хүлээж авсан бэ?

-Аливаа юм цаг хугацаатай байдаг юм билээ. Миний хувьд 2012 оны өвөл хийд дээр нэг залуухан ламтай хамт амьдардаг байв. Тэгээд оройдоо “Олон лам нар ирээд хурал хурж байна, надад мөргөж байна” гээд зүүдэлнэ. Таньдаг мэддэг хүмүүстээ санамсаргүйгээр хэлсэн ярьсан юм ч их бий. Аливаа юмны цаг хугацаа нь болохоор цаанаасаа мэдэгдээд дохиолоод байдаг юм билээ л дээ. Их тахилч маань Ноён хутагтыг тодруулахаар Энэтхэг яваад “Сүүлийн 25 хүн үлдсэн. Дотор нь өөрийн чинь нэр байгаа шүү” гэж хэлж байсан. Би бол дотроо өөрийгөө гэж баттай мэдэж байсан гэх нь ч хаашаа юм, гэхдээ өөрийгөө гэж бодож байсан. Сүүлд тахилч “Гэгээн тодорчихлоо, одоо ингэнэ тэгнэ” гээд ярьсан. Яг намайг гэж хэлээгүй. Тэр үед би дотроо гайхсан. Яагаад би биш байсан юм бол доо гээд. Дараа нь их тахилч Энэтхэгээс ирээд “500 гаруй лам дотроос хэд хэдэн шалгуур шүүлтүүрээр ороод эцсийн дөрвөн хүнээс өөрийг чинь Ноён хутагтын Есдүгээр дүр мөн гэж Далай багш батламжиллаа” гээд бичгийг нь гаргаж өгсөн. Үүр цайгаад гэгээ ороод ирэхээр нар мандах нь дээ гэсэн мэдрэмж хүн болгонд төрдөг шиг надад бол тэр мэдрэмж аяндаа төрчихсөн байсан.

-Энэ цагт тодорсон Монголын хутагт хувилгаад бараг бүгдээрээ Гомон дацанд суралцаж байсан болов уу. Тэгэхээр Гомон дацангийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг байсан нь бас сонин байна?

-Би Гомонд сүйдтэй олон жил болоогүй л дээ. Өөрийнхөө хэмжээнд арван жил л болсон. Гомонгийн өдөр тутмын хурал, хичээл маш нарийн дэг жаягтай, шахуу хуваарьтай явдаг. Өглөө хуралтай үедээ 6:00-7:40 цагийн хооронд хуралдаа сууна. Хурлын үеэр өглөөний цайгаа ууна. Хурал гадаалж ирээд 8:30-11:00 цаг хүртэл өглөөний чойр буюу ном хэлэлцэнэ. 11:00 цагаас өдрийн хоол идээд 1 цаг 30 минутаас 2 цагийн хугацаанд амардаг. Энэ ямар учиртай вэ гэхээр өдөр нь маш халуун болдог. Тиймээс лам нар энэ цагт нийтээрээ амардаг юм. 13 цагаас хойш цаг цагаар багш дээрээ очиж хичээл ордог. 17 цагт оройн хоолтой. Оройны хурал, ном хэлэлцэх нь 18-23 цагийн хооронд болно. Тарж ирээд өдөр үзсэн номоо давтаад, маргаашийн хуралдаа бэлдээд шөнийн 12 цагт амарна. Иймэрхүү маягаар л суралцдаг байсан.

-Энэтхэгээс ирээд шашны дээд сургууль төгссөн гэж сонссон. Гэгээнтнээр тодорсноос хойш уу?

-Өмнө нь төгссөн. Би 2003 онд Энэтхэг яваад, 2008 онд буцаж ирээд Шашны дээд сургуульд суралцсан. 2012 онд сургуулиа төгсөөд хийддээ ирж сууж байгаад өвөл нь Ноён хутагтаар тодорсон. Дараа нь 2013 оноос 2018 он хүртэл дахиад таван жил Энэтхэгт сурсан.

-Энэ цагт хутагт хувилгаад олноороо тодорсон. Бүгдийг нь Далай ламын зүгээс тодруулж батламжилсан уу. Ер нь ямар зарчмаар тодруулдаг вэ. Мөн хутагт хүний хийх ажил, хүлээх ёстой үүрэг хариуцлага гэж байдаг уу?

-Одоогийн байдлаар 17 орчим хутагт хувилгаад тодорсон байна. Хуучин цагт бол маш олон хутагт хувилгаад байсан юм билээ. Нэг хийдэд л бараг 2-3 хувилгаан байсан гэдэг. Одоо цаг үед Есдүгээр Богд багш байх үедээ тодруулаад Далай багш батламжилсан хувилгаадууд хэд байна. Миний хувьд Далай багш тодруулсан. Тухайн үед Богд багш таалал болчихсон байсан. Хутагт хувилгаан хүний үүрэг мэдээж их чухал. Энэ ороо бусгаа цөвүүн цаг үед бурхны сургаал, шашин номлолыг ард иргэд олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, амьтны тусыг бүтээхэд хутагт хувилгаад хамгийн их үүрэгтэй байх ёстой. Ард олны хувьд ч тэр, өөрийн нутаг орноос төрсөн хутагт хувилгаадыг илүү мэддэг, их сонсдог. Нутаг орон бүхэнд хутагт хувилгаад бий. Дорноговийн хувьд ч гэсэн Ноён хутагт маань хамгийн нөлөө бүхий хувилгаан байсан учраас одоо энэ цаг үед миний хүлээх үүрэг хариуцлага их өндөр гэдгийг ойлгож мэдэрдэг. Тэр бүхнийг хийж гүйцэтгэхийн тухайд хичээж л явна.

-Бурхны шашны бусад шашнаас ялгарах гол онцлог нь юу юм бэ. Давуу тал нь гэдэг ч юм уу?

-Энгийн хэллэгээр хэлвэл сэтгэлийн шашин гэж хүмүүс ойлгодог юм. Яагаад гэхээр бурхны шашныг судлах, бурхны ном сургаалыг сонсоход хамгийн гол зүйл нь сэтгэлийг ариусгах, сэтгэлийг номхотгох тухай. Гол зорилго санаа нь ийм л юм. Сэтгэлийг номхотгож байж тухайн хүний оюун санааг барьж авна. Үйл хөдлөл, үг яриаг зөөллөнө. Бие хэл сэтгэл гурав гэж бидний мэддэг гурван тулгуур байна. Үүнээс хамгийн чухал нь сэтгэл юм. Бурхны шашны цаад санаа зорилго бол сэтгэлийг номхотгож ариусгаснаар үйл хөдлөл болоод байгаа бие, үг яриа болоод байгаа хэл хоёрыг нь зөөллөдөг, барьдаг, номхотгодог. Бурхны сургаалаар явахад төрлөөс төрөлд дээшлэх, сайжрах, цаашилбал бүр гэгээрэлд хүрэх, хамаг амьтныг зовлонгоос арилгах гол чиглэлийг барьдаг.

-Зөв хүн байх, зөв амьдрах гээд яриад байдаг. Тэгвэл таныхаар энэ нь яаж амьдрахыг хэлээд байна вэ?

-Зөв хүн байх гэдэг миний ойлголтоор гэр бүлийн суурь хүмүүжил л юм. Өөрөө аав ээжийн гар дээр олуулаа өссөн болоод тэр юм уу гэр бүлийн суурь хүмүүжил л зөв хүн байх, зөв амьдрахад хамгийн чухал юм байна гэж хардаг. Суурь хүмүүжил сайн байвал тэр хүн цаашаа зөв хүнтэй нөхөрлөж, зөв амьдралыг сонгож, зөв явах учиртай юм. Олон хэл сураад, олон сургууль төгсөөд дипломтой болоод сайхан амьдарч байгаа юм нэг их байхгүй л байна шүү дээ. Тэгэхээр ямар хүмүүсийн гар дээр юу сонсож, юу харж өссөн нь хамгийн чухал юм даа.

-Монголчууд сүсэг бишрэл ихтэй, итгэж сүсэглэсэн зүйлдээ хир халдаах дургүй хүмүүс. Юу асуух гээд байна вэ гэхээр улс даяар шуугисан "Нүүрсний хэрэг" гэгчид таны нэр холбогдсон. Нийгмээрээ цочирдож, харамсаж хүлээж авсан. Тэр яг юу болсон юм бэ. Та тайлбар өгч болох уу?

-За тэгье ээ. Нийгэмд “нүүрсний” гэж ойлгуулж байсан хэргийн шүүх хуралд гэрчийн байдлаар оролцсон хүний хувьд хэлэхэд уг хурлаар нүүрстэй холбоотой хулгайлсан, нааш цаашаа болгосон тухай ямар ч зүйл яригдаагүй. Зөвхөн адууны жүчээ, байшин барилга, талбай дээрх жагсаал цуглааны талаар л яригдсан. Мэдээллийн хэрэгслээр нэр дурдагдсан 11 хүнээс зарим нь хорих, зарим нь торгуулах болон бусад төрлийн шийтгэл хүлээсэн. Хоёр нь ямар нэгэн гэм буруугүй гэж тогтоогдсоны нэг нь миний бие, нөгөөх нь Дорнодын хүн байсан. Сүүлд Нийслэлийн прокуророос “Энэ бол нүүрсний хэрэг биш” гэсэн утгатай мэдэгдэл гаргасан гэж би өмгөөлөгчөөсөө сонссон.

-Гэрчээр оролцсон гэдгээ тодруулвал...?

-Тухайн хэрэгт шийтгэгдсэн Б.Ганхуягийн гэр бүлийнхнийг таньдаг байсан. Эхнэр нь АТГ-т миний нэрийг дурдаад “Багшаасаа хоёр тэрбум төгрөг зээлсэн. Барилгад хөрөнгө оруулсан” гэж мэдүүлсэн юм билээ. Мэдүүлэг өгснийхөө дараа надад энэ тухайгаа хэлсэн. Миний хувьд энэ мэдүүлгээс болж шалгагдсан. Би АТГ-т ийм мөнгө хүнд зээлээгүй, над ийм хэмжээний мөнгө байхгүй гэдгээ мэдүүлсэн боловч, их дүнтэй мөнгө яригдаж байгаа учраас хуулийн дагуу шийдвэрлэнэ. Мөнгө зээлсэн үгүйг шүүх тогтооно гэснээр Монгол Улсын иргэний хувиар хуульд заасан ёсоор шүүх хурлаар ороод гэм буруугүй гэдгээ тогтоолгосон. АТГ-аас миний данс гүйлгээ бүх зүйлийг шалгаад энэ хүн бол хоёр тэрбум төгрөг зээлэх хэмжээний мөнгөтэй хүн биш байна аа гэдгийг тогтоосон. Ийм л юм болсон. “Зөгий.мн” сайтаар яваад байсан шиг тэр хүмүүстэй хамтарсан, мөнгө төгрөг авсан юм огт байхгүй. Ард иргэдийн анхаарлыг татахын тулд зориудаар ийм зүйл мэдээлснийг сүүлд нь мэдсэн.

-Бүхнийг өнгө мөнгөөр хэмждэг боллоо гэж бүгд л харамсаж халагладаг, тэгсэн хэрнээ бараг бүгдээрээ түүний хойноос явж байгаа өнөөгийн нийгмийг та хэрхэн харж байна вэ?

-Наймдугаар Богд багшийн лүндэн дээр байдаг юм. Багшийн лүндэнд “Өнгө мөнгөөр хавчиж шашин төргүй болно, өвөл зун нь хавчиж хавар намаргүй болно” гэсэн бошиг байдаг юм. Бидний өнөөгийн энэ үзэж туулж амьдарч байгаа цагийг л урьдчилж харж бошиг лүндэн болгож үлдээсэн хэрэг. Энэ цаг хугацаа жамаараа л явж байна. Гол нь бид эв эетэй байх нь чухал юм. Хэчнээн өнгө мөнгөөр хэмжигдэж хүмүүсийн сэтгэл санаа ороо бусгаа, нийгэм улс төрийн байдал хэцүү байгаа ч Монголчууд бидний аман хишиг, амны бэлгэ, заяа буян гэж байх ёстой. Аливаа юмс сайн муу ялгалгүй цаг хугацаатай байдаг болохоор ирээдүйд бидэнд өчнөөн сайн сайхан цаг, амар амгалан үе ирж таарна. Ихэс дээдэс, багш нарын айлдсан айлдварыг сонсож байсны хувьд цаг солигдож, ард иргэдийн сэтгэл санаа, нийгмийн байдал сайхан болох үе ирнэ гэдэгт итгэдэг.

-Хуучин цагт бол төрөө дээдэлдэг, байгаль дэлхийгээ хайрладаг шүтдэг, шашин номондоо утгаар нь сүсэглэдэг байж. Одоо цагт төрөө дээдлэхээ байсан, байгаль дэлхийтэйгээ зүй бус харьцах болсон. Арай дээр үлдсэн нь шашин номын үйл байж магадгүй. Төр, байгаль хоёр нь бол хэцүүхэн байна. Юунаас болоод ийм байна вэ. Энэ бас туулах л ёстой зүйл үү?

-Энд биднийг удирдаж байгаа улс төрийн дээд албан тушаалтнууд, тэдний хувь хүний хүмүүжил төлөвшил хандлага гол нөлөөтэй гэж хардаг. Ард иргэдийг залж чиглүүлж байгаа гол юм нь төр шүү дээ. Төрийг дагаж хууль, эрүүл мэнд, боловсрол гээд нийгмийн хамгийн гол хүчин зүйлсүүд өрнөдөг. Ерөнхийд нь харахад бүхий л салбар доройтсон байна. Хээл хахууль, танил тал хардаг болчихсон. Төрийг удирдаж байгаа бидний сонгосон хүмүүс маань ард иргэдээ бодохгүй, хэлсэн амлалтаасаа буцсан, улс орноо хөгжүүлэх тал дээр нэлээн доголдолтой л харагдаад байдаг. Энэ юунаас болж байна вэ гэхээр хувь хүнээс л болж байгаа хэрэг. Түүнээс биш цаг үеэс болоод гэдэг юм уу, ямар нэгэн юмыг буруутгахад хэцүү. Бид өөрсдөө энэ нийгэмд хүн болж хүмүүсийн дунд амьдарч байгаа юм чинь энэ бүхэнд хүн л буруутай. Төр барих манлайлагч хувь хүнийг хэрхэн таних вэ гэдэг нь бидний л сонголт юм.

-Таныг дарга нартай их ойр байдаг. Хамт шагнал гардуулаад зогсож байна гээд л нэг хэсэг ярьсан. Үүнийг төрөө дээдэлж хүндэтгэж байгаа хэлбэр гэж ойлгодог хэсэг байхад нөгөө талд нь таныг арай улс төрд оролцох юм биш байгаа гэж хардаг хүмүүс ч байсан. Энэ талаарх таны бодлыг сонсъё?

-Шагнал гардуулж байсан тохиолдлууд бий. Манай нутгийнхан чинь их сүсэгтэй хүмүүс шүү дээ. Хутагтын гараас шагнал авбал баярлана ч гэж боддог юм уу, нэгэнт тайзан дээр байгаа учраас бүгдээрээ шагналаа гардуулчихъя гэдэг юм байсан. Одоо бол хуулиараа орон нутгийн дээд албан тушаалтнууд, төрийн түшээд шагнал гардуулдаг болсон. Арваад жилийн өмнө бол тайзан дээр гарсан нөлөө бүхий хүн хэн байна, тэр бүхэн хамтраад л шагналаа гардуулчихдаг байсан юм. Түүнээс биш дарга нартай ойрхондоо тэгээд явсан юм бол байхгүй. Мөн миний сонирхол улс төр ерөөс биш. Өөрийн хийж чадах юмаа л хийж явъя гэж боддог.

-Та бол суу алдар нь түгсэн Равжаа хутагтын хойд дүр, нөгөө талаас хөдөөгийн эгэл боргил амьдрал дунд төрж малын захад ижий аавдаа тусалж өссөн бие хүн. Ер нь хөдөө гэртээ өнгөрөөх цаг хэр олдож байна вэ. Овоо толгой дээр гарах юм уу, малаа эргүүлээд явах цаг байх уу?

-Тийм цаг ховор доо. Жилдээ хоёр удаа л хөдөөнөө очдог. Бага балчир насандаа морь тэмээгээ унаад хонь малаа хариулж л өссөн. Одоо хөдөө очлоо гээд мань мэт унаа малаасаа холдчихсон. Морь тэмээ унаад явж чадахгүй болсон байх. Гэхдээ уламжлалт мал аж ахуйгаасаа холдохгүй юм сан гэж боддог.

-Хэдийгээр түмний хайр хүндэтгэл хүлээсэн гэгээнтэн боловч бие хүн талаасаа бусдын адил зовлон байдаг л байх даа?

-Хүн л болсон юм хойно бүхий л юмыг адилхан амсаж мэдэрч туулж явна. Бусдаас онцгойрч тасраад, учиргүй вакумжлагдаад байсан нь үгүй. Бидний өнөөгийн амьдарч буй нийгмийн бүхий л асуудлыг туулаад мэдрээд явж байна. Хувь хүний зовлон бэрхшээл мэдээж байлгүй яахав. Өвчин зовлон, өнчрөл хагацал, ганцаардал гээд яриад байвал бусдын л адил олон зүйл байна. Мөн сайн сайхан зүйлүүд ч зөндөө л байна. Тэгэхээр бусдын л адил амьдарч явна даа.

-Нийгэм маш стресстэй байгаа энэ цаг үед сэтгэлийн амар амгаланг хэрхэн бүтээвэл зохих вэ?

-Сэтгэлийн амар амгалан үнэхээр бүтэж чадвал тэрэн шиг сайхан юм гэж ерөөсөө байхгүй. Энэ цаг үеийн монголын байгаль цаг агаарын байдал бас хэцүү шүү дээ. Тэр дундаа манай говь хавартаа их салхи шуургатай, зун нь маш халуун, өвөлдөө хүйтэн. Энэ бүх байдлаас хүн сэтгэлийн амар амгаланг олж авна гэдэг жаахан хэцүү. Тэгээд хүний жаргал зовлон, амьдралын олон ээдрээтэй асуудлууд, сэтгэл санаа гээд өчнөөн зүйлүүд байгаа учраас амар амгаланг олж авна гэдэг амар биш. Гэхдээ хувь хүн өөрөө байгаа байдалдаа дасан зохицож, байгаадаа сэтгэл хангалуун байж чадвал тэр хэмжээгээр сэтгэлийн амар амгаланд дөхөж очих юм. Хүн л юм чинь олон янзын бэрхшээл өдөр болгон тохиолдож таарна. Мөнгө төгрөг, хоол хүнс, эрүүл мэндийн байдал, хүсэж мөрөөдсөн төлөвлөсөн зүйл нь бүтэхгүй байх юмс тохиолдоно. Тэр болгоны дундаас хүн амар амгаланг олж авч чадвал тэрнээс илүү сайхан юм гэж юу байх вэ. Гол нь байгаа байгаадаа сэтгэл хангалуун байх нь л хамгийн чухал юм. Түүнээс биш юм бүхэнд анхаарал хандуулаад, юм бүхэнд зовоод байвал бид нарын зовлон барагдахгүй. Сэтгэлийн амар амгалан бол хамгийн чухал зүйл шүү гэдгийг хэлье.

-Бидний урилгыг хүлээн авч нутгийнхаа 80 жилийн түүхтэй ууган хэвлэлд ярилцлага өгч байгаад баярлалаа. Манай сониноор дамжуулан нийт сүсэгтэн олондоо хандаж ерөөл айлдана уу?

-Би ер нь ярилцлага өгөөд байдаггүй болохоор олигтой юм ярьсан эсэхээ сайн мэдэхгүй байна. Өөрийн чадахаар асуулт бүхэнд хариуллаа. Нутгийн ард иргэд, сүсэгтэн олон, “Ялалт” сонины уншигчид та бүхэндээ, цаашилбал Монголынхоо нийт ард түмэнд эрүүл энхийг хүсэн ерөөе. Та олон минь амьдралын хамгийн сайхан бүхнийг бие, хэл, сэтгэлээрээ үргэлж эдэлж туулж байх болтугай гэсэн ерөөлийг өргөе. Эцэст нь 80 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж буй “Ялалт” сонины нийт хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Та бүхний бодсон санасан хэрэг үйлс үргэлж бүтэж байх болтугай.

-Танд баярлалаа.

Дорноговийн УУГАН хэвлэл ЯЛАЛТ сонин

Ярилцсан: Б.Лхагвадорж

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.