0

Монголын Төрд цусны эргэлт зогссон нь мухардалд оруулж байгааг бид бие сэтгэлээрээ туулж байна. Аль тэртээ ерээд онд УИХ-ын гишүүн, сайд байсан нөхөд өнөөдөр суудал бөглөн сууна. УИХ-д тав, зургаа сонгогдож, сайдаар гурав дөрвөн удаа томилогдсон нөхөд сайдынхаа тамгыг атгаж сууна. Тэд 10, 20, 30 жил Төрийн өндөр дээд алба хашихдаа энэ улсын хөгжил, нийгмийн амьдралд ямар ч өөрчлөлт авчраагүй. Авчрахгүй гэдгээ ч удаа дараа харуулсаар байхад нам нь луйварчдаа явуулна, сонгогчид нь ч сонгоно. Хөндлөнгөөс харахад улс төрийн намууд шинэ залуу үе хэмээн сүрхий хэдэн нөхөд өмнөө барьдаг ч тэд нар нь улс төрд өв залгамжилсан байх. Тухайлбал, “Фортуна” Н.Батбаяр хэмээх Монгол Улсыг өрөнд хийсэн, яахаас ч буцахгүй нөхрийн охин ч байх шиг. Тэр эцгийнхээ замаар л явж байгааг бид харж байна. Мөн Р.Гончигдоржийн зээ охин амьдрал мэдэхгүй цагаан гартан гээд дурдахаар ямар цус сэлбэлт байхав дээ. Энэ мэтээр МАН, АН-аас улс төрд гаргаж ирж байгаа залуус нь хэн нэгний ураг удам, угсаа залгамжлагч байхаар энэ Төрийн цусны эргэлт зогсохоос яахав.
Б.ДЭЛГЭРСАЙХАН
Б.Дэлгэрсайханыг Түгжрэлийн сайдаас эхлэн Зам, тээвэр хөгжлийн сайдаар улираан томилж, УИХ-д хоёр сонгоод юу хүлээх юм. Хувийнхаа бизнес, хэдэн чингэлгээ дэмжихийг хүлээх юм уу. Эсвэл өөрийнх нь халаасанд орж байгаа төмрийн хүдрийн мөнгийг нь өсгөж өгөх гээд сонгоод байдаг юм уу. Газар нутаг, уул усаа ухуулна, дээр нь Төрийн өндөр сэнтийд байж бай Та гээд сонгоно.
Б.БАТЦЭЦЭГ
Б.Батцэцэгийг Гадаад харилцааны сайдаар улираан томилж, УИХ-д хоёр удаа сонгоод юу хүлээх юм. Олон улсад “Дээлтэй модель” болгох гээгүй бол юуг нь хүлээх юм. Эсвэл хэвлэлийнх компанийг нь мөнгөөр угжих гээд байдаг юм уу. Төрөөс зарлаж байгаа хэвлэлийн чиглэлийн ихэнх тендерийг сүүлийн олон жил “Мөнхийн үсэг” компани авч ирсэн мэдээлэл байдаг. Одоо Та бүгдийг нь ав, бусад хэвлэлийн компаниуд нь өлсөж үх гээд сонгоод байгаа хэрэг үү.
Ц.ДАВААСҮРЭН
Аль өнгөрсөн зууны 1989 оноос хойш төрд алба хашихдаа УИХ-д таван удаа сонгогдож, сайдаар хоёр удаа томилогдон, гурван удаа Төсвийн байнгын хороог даргалсан Ц.Даваасүрэнгээс чухам юу хүлээх юм. Олны ярьдгаар “Арван хувь”-иа авахыг нь хүлээх үү. Одоо ч ард түмний нүдэнд шударга дүр эсгээд цаана нь дарга сайд нартаа шантааж хийн, нүх олдвол шургачих санаатай сууна. Ц.Даваасүрэн чуулганы хуралдаан дээр шударга зүйл ярьж, дарга сайд нараа шүүмжлэхээрээ л дээшээ дэвшдэгийг мэдэхгүй юу.
Жич: Энэ мэтийн нөхдөө хөөж туугаад эрдэм чадвартай, эх оронч олон залуусаа томилооч. Эрдэмт хөвгүүд чинь та нөхдийн ханаж цаддаггүй шуналаас болж гадаадад ажиллаж амьдарч байна. Ид ажиллах насны залуус эх орондоо зориулах эрдэм чадвараа гадаадын олон оронд зориулан ажиллаж байна. Хэргээр Монгол Улсыг мөхөөх гээгүй бол төрөөс, татвар төлөгчдийн мөнгөөр 20, 30 жил “наргисан” эмгэд, өвгөд минь зайгаа тавиад өгөөч. Сүүлдээ УИХ-ын гишүүн, сайд байсан нөхөд сонгуульд унаж бүдрэхээрээ аль нэг Төрийн өмчит компани, Дэд сайд, агентлагийн дарга, ТУЗ-ийн дарга, гишүүнээр заларчих юм. Та нар залуустаа ямар ч боломж өгөхгүй Төрийн бүхий л шатанд шургалчихаар яах юм. Гадагшаа л явна биз дээ.
Д.ТОГТОХСҮРЭН
Аль тэртээ 1991 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажлын гараагаа эхлүүлж, аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргаар хоёр удаа сонгогдон ажиллаж УИХ-д хоёр удаа сонгогдсон Д.Тогтохсүрэнг “Монголросцветмет” ТӨҮГ-ийн захирлаар томилчихсон. Төрд 35 жил алба хашихдаа 20 гаруй жилд нь аймгийн Засаг даргаас эхлээд өндөр дээд алба залгуулсан нөхрөөс Та юу бүтээв гээд асуу даа. Та нар ч өөрсдөө хар.
Б.БАЯРСАЙХАН
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргаар сонгуульд бүдэрсэн Б.Баярсайханыг томилж яах юм. Шалдан нүцгэн зургийг нь дэлхийд гаргах гээгүй бол юугаа хийх юм. Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн курс төгссөн хөтлөгч хэзээ хаана ямар гэр бүл хамгаалж, хүүхэд хөгжүүлчихсэн юм бэ. Ядахад уруудаж ирсэн ч гэлээ мэргэжлийн хүн томилж болдоггүй юм уу.
Г.ГАНБОЛД
Бүр хадуурна, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Г.Ганболд гэх нөхөр Ерөнхийлөгчийн зөвлөх сэтэр зүүж байгаад Дэд сайдын суудалд очсон. Өвөрхангай аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөс эхлээд УИХ-ын гишүүн хүртэл энэ төрд 20 гаруй жил ажилласан гэх. Г.Ганболдын ганц хийсэн ажлыг дурдъя гэхэд байхгүй. УИХ-ын гишүүнээр ажиллахдаа амьдралын хөрсөн дээр хэрэг болчих ганц хууль санаачлаагүй ийм нөхөр Дэд сайд болж яах гээд байгаа юм.
Д.ОЮУНХОРОЛ, Б.САРАНЧИМЭГ
Төрийн бүхий л шатанд суудал олж аваад унтаж байгаа өвгөд, эмгэд олон бий. Жишээ нь УИХ-д дөрвөн удаа сонгогдож, сайдаар хоёр удаа заларсан Д.Оюунхорол УИХ-ын чуулганы хуралдаан дээр унтаж байгаа нь тэтгэвэртээ гарах болсныг харуулсан хэрэг. Гэтэл УИХ-аас буусан даруйд Хөшгийн хөндийн дагуул хотын захирагчаар томилогдож, түүнээс гар дамжуулан мөн л УИХ-д хоёр удаа сонгогдсон Б.Саранчимэг очиж байхад залуус хаана ямар ажил, алба хашиж энэ улс орныхоо хөгжил дэвшилд гар бие оролцох юм бэ. Та нар баригдаагүй хотыг босгох нь бүү хэл баригдаад олон зуун жил хөгжсөн хотыг ч нураачих хүмүүс гэдгээ таниулчихсан. Одоо зайгаа тавьж өг.
Н.ЦЭРЭНБАТ
Хувийн хэвшлээр бадар барьж явсан Н.Цэрэнбат гэгч нөхөр гэнэт улстөрч болж, улмаар УИХ-ын гишүүн, сайд хүртэл өндөр авсан. Харин сонгуульд бүдэрч, өдгөө "Эрдэнэс Оюутолгой" компанийн Гүйцэтгэх захирал, Оюутолгой компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна. Уул уурхайн салбарт мэдлэг боловсрол бүү хэл халтар мэдээлэл ч үгүй нөхрийг тэнд давхардуулан томилж яах гээд байгаа юм. Компьютер техникийн сургууль төгссөн, энэ чиглэлд ажиллах нь бүү хэл шагайж байгаагүй нөхөр байх. Төрд ажилласан туршлага ч байхгүй нөхөр.
М.ОЮУНЧИМЭГ
Монголросцветмет Төрийн өмчит компанид орлогчийн статустай бүтээмж хариуцсан менежерээр УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэгийг томилж яах юм. Уул уурхай, эрдэс баялаг гэх стратегийн компанид сэтгүүлчийн микийг нь бариулаад гүйлгэх гээгүй бол ёстой л “Эсгий хийх газар нохой хэрэггүй” гэдэг болно. Одоо ч гүйх тамираа барсан биз.
С.Данзан
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.