dobu.mndobu

Төрийн албан хаагчдын чадамжийг оношлох судалгаа орон даяар зохион байгуулагдана

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-19

Төрийн албан хаагчдын чадамжийг оношлох судалгаа орон даяар зохион байгуулагдана

Төрийн захиргааны албан хаагчдын чадамжийн хэрэгцээ, өнөөгийн төлөв байдлыг судлан оношлох судалгаа хийнэ

Төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратеги, эрх зүйн зохицуулалтын шинэчлэлийн хүрээнд Төрийн албаны зөвлөл 2025 оны 390 дүгээр тогтоолоор “Төрийн албан хаагчийн чадамжийн хүрээ”-г шинэчлэн баталсан.

Чадамжийн хүрээг нэвтрүүлснээр төрийн жинхэнэ албаны албан тушаалын тодорхойлолт, сонгон шалгаруулалт, сургалт, хөгжлийн хөтөлбөрийн агуулга, хэлбэр шинэчлэгдэнэ.

Төрийн захиргааны албан хаагчдын мэдлэг, ур чадвар, хандлага, чадамжийг судлах, чадамжийн хэрэгцээнд суурилсан сургалт, хөгжлийн бодлогыг сайжруулах, хүний нөөцийн төлөвлөлтөд ашиглах үндэслэл бүхий мэдээллийг бүрдүүлж, дүн шинжилгээ хийх зорилгоор оношлох судалгааг 2026 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр орон даяар цахим хэлбэрээр зохион байгуулахаар бэлтгэж байна.

I ээлж (Удирдах албан тушаалтан: тэргүүн, эрхэлсэн түшмэл. 10:00-11:00 цагт)

II ээлж (Удирдах албан тушаалтан: ахлах, дэс түшмэл. 12:00-13:00 цагт)

III ээлж (Гүйцэтгэх албан тушаалтан: тэргүүн, эрхэлсэн, ахлах, дэс түшмэл. 15:00-16:00 цагт)

Төрийн захиргааны албан тушаалын түшмэлийн ангиллаар 3 ээлжээр авах судалгаа, оношилгоонд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны нийт байгууллагын 21,000 гаруй албан хаагчийг хамруулна.

Чадамжийн оношилгооны үнэлгээ судалгаа нь Төрийн албаны зөвлөлөөс шинэчлэн баталсан “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-ын нэгдүгээр хавсралт “Төрийн албан хаагчийн анкет” дахь чадамжийн хүрээний эхний үнэлгээ болох тул төрийн захиргааны албан хаагчид заавал хамрагдах ёстой.

Судалгаа, оношилгоог Төрийн албаны зөвлөл ерөнхий удирдлага, Салбар зөвлөл нарийвчилсан удирдлага, зохион байгуулалтаар хангаж, тухайн байгууллагын удирдах албан хаагч байгууллагын түвшинд зохион байгуулах үүрэгтэй ажиллана.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.