dobu.mndobu

Статистикийн газраас таагүй мэдээлэл хүргэлээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-19

Статистикийн газраас таагүй мэдээлэл хүргэлээ

Монгол Улсын төр эмч, багш нарын цалин, ахмад настны тэтгэвэр нэмнэ хэмээн нэгэнт тушаал шийдвэрээ гаргачихсан байхад нийгэм, эдийн засгийн үзүүлэлт тун ч таагүй харагдаж байна. Ихэс дээдэс маань ч эдийн засаг өссөн, инфляцыг барьж чадаж байгаа, гадаад бараа эргэлт сайн, экспорт, импортын хэмжээ өсөж байгаа гэх мэдээллийг өгч байгаа ч бодит байдал дээр өөр байна. Учир нь Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг танилцуулав. 

ИМПОРТ 2.6 ХУВЬ БУЮУ 302 САЯ АМ.ДОЛЛАРООР УРУУДЛАА

Монгол Улс 2025 онд дэлхийн 163 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ 27.1 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнээс экспорт 8.0 тэрбум ам.доллар, импорт 11.3 тэрбум ам.долларт хүрчээ. Гадаад худалдааны тэнцэл 4.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь өмнөх оны мөн үеэс 280 сая ам.доллар буюу 6.7 хувиар өссөн. Бараа эргэлтийг ангилбал экспорт 22.6 сая ам.доллар буюу 0.1 хувиар, импорт 302 сая ам.доллар буюу 2.6 хувиар тус тус буурсан байна. 2025 оны арванхоёрдугаар сарын экспортын хэмжээг арваннэгдүгээр сартай харьцуулахад 453.4 сая ам.доллароор, импорт 235 сая ам.доллароор өсжээ. БНХАУ-тай 2025 онд 18.7 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 69.2 хувийг бүрдүүлж байна.

НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ОРЛОГО 2.9 ТЭРБУМ ДОЛЛАРООР БУУРЧЭЭ

Экспортын бараа, бүтээгдэхүүний 92.6 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, 5.3 хувийг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн эзэлсэн. Нүүрсний экспортын орлого 2.9 тэрбум ам.доллар буюу 33.7 хувиар буурсан хэдий ч биет хэмжээ 6.3 сая тонноор нэмэгдэж, 90 сая тоннд хүрсэн байна.

УГААСАН НООЛУУР, ГАЗРЫН ТОС, СҮЛЖМЭЛ ГАР УРЛАЛЫН ЭКСПОРТ ТУС ТУС БУУРЛАА

Угаасан ноолуурын экспорт 256.7 сая ам.доллароор, боловсруулаагүй газрын тос 70.3 сая ам.доллароор, сүлжмэл гар урлал, хувцас 5.5 сая ам.доллароор буурсан нь экспортод гол нөлөөг үзүүлжээ. Импортын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2025 онд 2.6 хувиар буурсан байна. Үүнд: Машин, механикийн төхөөрөмж 21.8 хувь, эрдэс бүтээгдэхүүн 21.7 хувь, тээврийн хэрэгсэл болон тэдгээрийн сэлбэг хэрэгсэл 17.9 хувь, төмөр, төмөрлөгийн бүтээгдэхүүн есөн хувиар тус тус буурчээ. Мөн ачааны автомашин 217.1 сая ам.доллароор, бульдозер, экскаватор 68.0 сая ам.доллароор, нийтийн тээврийн хэрэгсэл 53.0 сая ам.доллароор, суудлын автомашин 43.0 сая ам.доллароор буурсан нь голлон нөлөөлсөн байна.

БАРААНЫ БҮЛГИЙН ҮНЭ 6.8 ХУВЬ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БҮЛГИЙН ҮНЭ 9.5 ХУВИАР ӨСЧЭЭ

Импортын 2025 оны дүнгээр БНХАУ 40.9 хувь, ОХУ 24.5 хувь, Япон улс 9.6 хувь, БНСУ 4.1 хувь, АНУ 3.7 хувь, БНГУ 2.3 хувийг тус тус эзэлж, нийт импортын 85.2 хувийг бүрдүүлжээ. Хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 2025 оны арванхоёрдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.5 хувиар өссөн байна. Үүнээс барааны бүлгийн үнэ 6.8 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 9.5 хувиар өсчээ. Тухайлбал: Хүнсний бараа, ундаа, усны үнэ 11.3 хувь, согтууруулах бус ундааны үнэ 9.7 хувь, хувцас, бөс бараа, гутлын үнэ 6.9 хувь, гэр ахуйн тавилга болон ахуйн барааны үнэ долоон хувь, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 6.2 хувь, орон сууц, цахилгаан, ус, түлшний бүлгийн үнэ 4.6 хувиар тус тус өссөн байна.

МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 3.8 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ӨССӨН БАЙНА

Харин холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний үнэ хамгийн бага буюу 1.5 хувиар өсжээ. Mөнгөний нийлүүлэлт 2025 оны арванхоёрдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 47.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 3.8 их наяд төгрөгөөр өсжээ. Төгрөгийн хадгаламж 4.0 их наяд төгрөгөөр өссөн нь өсөлтөд голлон нөлөөлсөн байна.  Бага мөнгө 2025 оны арванхоёрдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 11.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 460.2 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх сараас 115.6 тэрбум төгрөгөөр өсжээ. Бага мөнгө 10.2 их наяд төгрөг буюу 91.1 хувь нь төгрөгийн харилцах, 998.6 тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна. Урьдчилсан гүйцэтгэлээр бага мөнгө нь 35.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 4.2 их наяд төгрөгөөр, өмнөх сараас 1.1  их наяд төгрөгөөр өсжээ.


 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.