0

Түргэн тусламжийн автомашинууд дуудлагын дагуу очих үед хотхон, хорооллын хаалт, зогсоолын хүндрэлээс шалтгаалан саатах, тойрч явах зэрэг асуудал түгээмэл гардаг. Үүний улмаас яаралтай тусламж үзүүлэх цаг алдах эрсдэл бий болдог байна.
Энэхүү асуудлыг шийдвэрлэх хүрээнд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнгөрсөн оны сүүлчээр Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллах үеэрээ нийслэлийн бүх хотхон, хорооллын хаалтыг түргэн тусламжийн автомашинд саадгүй нэвтрэх боломжтой болгох чиглэлийг НЭМГ-ын дарга болон холбогдох албаныханд өгсөн юм.
Тэгвэл өнөөдөр/2026.01.26/ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын холбогдох албаныхан Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж, уг асуудлыг бодитойгоор шийдвэрлэхээр болжээ. Ингэснээр хотхон, хорооллын бүх хаалтыг автоматаар нээх боломжтой тоноглолыг түргэн тусламжийн автомашинуудад суурилуулахаар болсон байна.
Одоогийн байдлаар Нийслэлийн түргэн тусламжийн төвд 78 автомашин өдрийн гурван ээлжээр дуудлагад явж байгаа бөгөөд 125 жолооч, 175 эмч, эмнэлгийн ажилтан иргэдэд яаралтай тусламж үзүүлж байна.
Ийнхүү уг асуудлыг шуурхай шийдвэрлэж, талууд хамтран ажилласнаар түргэн тусламжийн үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлэх чухал алхам болж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.