0

"МЭК" судалгааны байгууллагаас улс төрчдийн рейтингийн судалгааг сар бүр хийж, танилцуулдаг билээ. Уг судалгааны нэгдүгээр сарын дүн гарчээ.
Судалгаанд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 1082 иргэнийг хамруулж, нэгдүгээр сарын 18-25-ны хооронд квотчилсон санамсаргүй түүврийн аргаар цуглуулсан байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн рейтинг хэвээр байна. Тодруулбал, түүний үйл ажиллагаанд иргэд өнгөрөгч арванхоёрдугаар сард 10-аас 6.2 оноо өгч байсан бол нэгдүгээр сард ч энэ оноо хэвээр байгаа юм. Ингэхдээ "Гадаад харилцаа сайжирсан", "Шударга", "Тэрбум мод хөтөлбөр", "Хүнсний хувьсгал эхлүүлсэн" гэх зэргээр сайшаажээ. Харин "Үнийн өсөлт", "Иргэдийн амьдралын доройтол", "Иргэдээ сонсдоггүй" хэмээн сөрөг сэтгэгдэл хэлсэн байна.

УИХ-ын рейтинг өсжээ. Тодруулбал, өнгөрөгч арванхоёрдугаар сард иргэдээс 2.6 оноо авч байсан бол нэгдүгээр сард 2.7 болсон байгаа юм. Иргэд УИХ-ыг дүгнэхдээ "Байж л байгаа", "Оюутолгойн хэлэлцүүлэг хийсэн", "Үнийн өсөлт", "Үр дүнтэй шийдвэр байхгүй", "Нэн шаардлагагүй хууль баталдаг", "Попордог гишүүн олон" гэсэн байна.

Харин Ерөнхий сайд Г.Занданшатарын тухайд, рейтинг нь буурсаар байна. Тэрбээр арванхоёрдугаар сард 5.2 оноо авч байсан бол нэгдүгээр сард 5.1 болжээ. Иргэд түүнийг дүгнэхдээ "Гааль, татвар зэргээр авлигатай тэмцэж буй", "Иргэдтэй шууд харьцах, тэднийг сонсох болсон", "Нэр цэвэр" зэргээр сайшаасан байна. "Үнийн өсөлт", "Цахилгааны хязгаарлалт", "Үр дүнтэй шийдвэр байхгүй", "Татвар нэмэгдсэн" гэх мэтээр сөрөг сэтгэгдэл илэрхийлжээ.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын тухайд, рейтинг нь өсжээ. Түүнийг иргэд дүгнэхдээ "Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар торгож эхэлсэн", "Замын түгжрэл бууруулах санаачилга", "Утааг бууруулж байна" хэмээн дүгнэсэн байна. Харин зарим иргэд "Утаа буураагүй байдал", "Цахилгааны хязгаарлалт", "Хятадаас нүүрс худалдаж авсан явдал", "Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар торгож эхэлсэн", "Татварын байцаагч нарыг аялуулсан явдал" хэмээсэн байна. Ийн түүний үйл ажиллагааг 3.3 оноогоор үнэлжээ.

Үйл ажиллагаа нь таалагддаг улс төрчдийг асуухад иргэд дараах байдлаар хариулжээ. Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар, Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, УИХ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Ө.Шижир, Ч.Лодойсамбуу, Б.Энхбаяр, О.Батнайрамдал нарыг нэрлэсэн байгаа юм.

Харин үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрчдийн жагсаалтад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, Шадар сайд Т.Доржханд, УИХ-ын дарга Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Боловсролын сайд П.Наранбаяр, Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар багтжээ.

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.