dobu.mndobu

Төв аймгийн Эрдэнэсант сум сүүлийн 19 жилийн хуганцаанд 22 Улсын аварга малчинтай болжээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-02-06

Төв аймгийн Эрдэнэсант сум сүүлийн 19 жилийн хуганцаанд 22 Улсын аварга малчинтай болжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Төв аймгийн Эрдэнэсант суманд ажиллаж, өвөлжилтийн байдалтай танилцах үеэрээ Их баянгийн Шартолгойн өвөлжөөнд нутаглаж буй малчин Дамбын Батзоригтод “Улсын аварга малчин” шагнал гардуулж, хүндэтгэл үзүүлжээ.

Дамбын Батзоригт удам дамжсан малчин бөгөөд 22 настайгаасаа аавыгаа даган мал маллажээ. Жилийн дөрвөн улиралд оторлож, бэлчээр сорлон нүүдэллэдэг. Малын тарга тэвээрэгт онцгой анхаарч, зөөлөн хариулгаар малаа бэлчээрлүүлдэг, малын хорогдол гаргаагүй амжилтаараа сум, аймагтаа тэргүүлсээр иржээ.

38 жилийн өмнө эцгийн голомтоос гал тасдаж, өрх тусгаарлахдаа 75 толгой малтай байсан Д.Батзоригтынх өдгөө 1500 толгой малтай болжээ. Энэ хавар 400 орчим төл хүлээн авна гэсэн хүлээлттэй байна.

Мал сүргийн тоо толгойг өсгөснөөс гадна үүлдэр угсааг сайжруулж, мах сүүний гарц нэмэгдүүлж, мал аж ахуйн салбарт үлгэр дуурайл болж буйг Ерөнхий сайд Г.Занданшатар сайшаажээ.

Малчин Д.Батзоригт 1999 онд “Мянгат малчин”, 2002 онд “Сумын сайн малчин”, 2007 онд “Аймгийн сайн малчин”-аар шалгарч, өнгөрсөн хугацаанд долоон айлыг малжуулжээ.

Төв аймгийн Эрдэнэсант сум 1049 малчин, мал бүхий өрхтэй. 345442 толгой малтай. 2007 онд нутгийн малчин Б.Уламбаяр тус сумын анхны “Улсын аварга малчин” болж байсан түүхтэй. Үүнээс хойш 19 жилийн хугацаанд 22 “Улсын аварга малчин” төржээ.

Төв аймаг 4.1 сая толгой малтай. Малын тоо толгойгоор улсад тавдугаарт эрэмбэлэгддэг. Өвс, тэжээлийн нөөц сайн базаасны хүчинд өвлийг өнтэй давсан ч зун ургамлын гарц тааруу байснаас шалтгаалан хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгааг Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр хэллээ. Тиймээс төл малд шаардагдах өвс тэжээлийг малчдад түгээх, түлш, шатахууны нөөц бүрдүүлэхэд анхаарч байна гэв. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.