0

Шинээр мэндэлж буй 1000 нярай тутмын 1–2 нь төрөлхийн дүлий буюу сонсголын бэрхшээлтэй төрдөг болохыг Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв анхааруулж байна. Иймээс сонсголын эмгэгийг аль болох эрт илрүүлж, цаг алдалгүй арга хэмжээ авах нь хүүхдийн цаашдын хөгжилд чухал нөлөөтэй юм.
Эмч нарын зөвлөснөөр нярайг төрсний дараа заавал сонсголын скрининг шинжилгээнд хамруулах шаардлагатай. Уг шинжилгээ нь өвдөлтгүй, богино хугацаанд хийгддэг бөгөөд сонсголын өөрчлөлтийг эрт үед нь илрүүлэх боломж олгодог байна.
Мөн хүүхэд чих өвдөх, дуу авиа сонсохдоо сул хариу үзүүлэх, хэл ярианы хөгжил удаашрах зэрэг шинж тэмдэг илэрвэл алгуурлалгүй чих, хамар, хоолойн мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.
Түүнчлэн бага насны хүүхдийг шуугиан ихтэй орчин, чанга дуу чимээний нөлөөнөөс хамгаалах нь сонсгол бууралтаас сэргийлэх чухал арга хэмжээний нэг юм.
Сонсголын бэрхшээлийг эрт илрүүлж, зохих эмчилгээ, дэмжлэгийг цаг тухайд нь үзүүлснээр хэл яриа, танин мэдэхүйн хөгжилд үүсэх сөрөг нөлөөг бууруулж, хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх боломжтойг мэргэжилтнүүд онцолж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.