0

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Н.Энхбатад холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2026 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэж, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан шийдвэр гаргажээ.
Шүүгдэгч Н.Энхбат нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан”, тус зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “Хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан” гэмт хэрэгт холбогдсон юм.
Тодруулбал, "Gem mall" худалдааны төвд эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөсөн Ц.Энхбатад шүүхээс бүх насаар нь хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр болсон. Түүний хувьд шүүхийн шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан ч Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх түүнд анхан шатны шүүхээс оноосон бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээсэн байдаг. Тэгвэл Ц.Энхбат дахин Улсын Дээд шүүхэд гомдол гаргаад байсан юм.
Дээд шүүхээс танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчийн гаргасан гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.
Улмаар энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.