dobu.mndobu

АНУ-ын зүүн хойд хэсэгт хүчтэй цасан шуурга дайрч, хүний амь эрсдэв

АНУ-ын зүүн хойд хэсэгт хүчтэй цасан шуурга дайрч, хүний амь эрсдэв

АНУ-ын зүүн хойд бүс нутагт хүчтэй өвлийн цасан шуурга шуурч, хүний амь эрсдэн, олон мянган нислэг цуцлагдаж, өргөн хүрээний цахилгаан тасалдал үүсээд байна.

Мэрилэнд мужийн Калверт тойрогт ням гарагийн үдээс хойш зам дээр унасан мод автомашин дээр унаж, 60 настай Майкл Симпсон, 43 настай Виржиниа Куэзенберри нар амиа алдсан талаар орон нутгийн шерифийн алба мэдээлжээ.

Цасан шуурганы улмаас Мэрилэндийн зарим хэсэгт 40 см орчим цас орсон бол Род-Айленд мужийн Провиденс хотод 37.9 инч цас орж, түүхэн дэх хамгийн их цастай шуурганы нэгт тооцогдож байна. Мөн Массачусетс болон Род-Айлендын зарим бүсэд аяллын хориг тогтоож, сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоожээ.

Мөн нислэгүүд олноор цуцлагдаж эхэлсэн байна. 

Нислэгийн хяналтын FlightAware байгууллагын мэдээлснээр, Даваа гарагт 5000 гаруй нислэг цуцлагдсан бол мягмар гарагийн өглөөний байдлаар 2000 гаруй нислэг цуцлагдаж, 1000 орчим нислэг хойшлогдсон байна.

Хамгийн их өртсөн нисэх буудлуудын тоонд Бостоны Логан олон улсын нисэх онгоцны буудал, Жон Ф.Кеннеди олон улсын нисэх онгоцны буудал болон ЛаГуардиа нисэх онгоцны буудал багтжээ.

Энэхүү шуурга нь Нью-Йорк хотын түүхэн дэх ес дэх том өвлийн шуурганд тооцогдож, 20 инчээс дээш хэмжээний цас орсон байна. Хотын дарга Зохран Мамдани аюултай нөхцөл байдлаас сэргийлэх зорилгоор зорчих хөдөлгөөнийг хязгаарлах захирамж гаргаж, 2600 гаруй ариун цэврийн ажилтан, 1400 нэмэлт цас цэвэрлэгчийг дайчлан ажиллуулжээ.

Өчигдрийн/2026.02.24/ гарагийн өглөөний байдлаар Массачусетс мужид 250 мянга орчим хүн цахилгаангүй хэвээр байгааг poweroutage.us мэдээлсэн байна. Бостон хотод шуурганы улмаас “Boston Globe” сонин 153 жилийн түүхэндээ анх удаа хэвлэлтээ түр зогсооход хүрчээ.

АНУ-д “зүүн хойд” буюу noreaster хэмээн нэрлэгддэг энэхүү цасан шуурга одоогоор тус улсын нутгаас холдож, Канадын зүүн эрэг рүү чиглэн шилжиж байгаа ч хүчтэй салхи үргэлжлэх төлөвтэй байгааг албаныхан мэдээлэв.

 

Эх сурвалж: BBC

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.