0

Монгол Улсад хууль тэгш бус үйлчилдэг гэдгийг харуулсан үйл явдал гарсаар байна. Мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүст хууль үйлчлэхгүй юм.
Тухайлбал, Монголын толгой баячуудын нэг Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, “Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн нар бүлэглэн танхайрч, мансуурсан үедээ бусдын биед онц ноцтойгоор халдаж гэмтэл учруулсан хэрэг өнгөрсөн долоодугаар сард гарсан. Тиймээс тус хэргийн анхан шатны шүүх хурал 2026 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр хуралдаж, Б.Амарсайхан, Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон юм. Улмаар Ц.Санжаачойпэлд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс нэг жил , Б.Амарсайханд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс найман сар, Э.Тэмүүлэнд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс найман сар, Л.Алтан-Очирт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс найман сар гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан байдаг.
Гэтэл энэ хугацаанд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарах эрхээ хасуулсан Б.Амарсайхан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт дахин зодооны асуудалд холбогдсон нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна. Учир нь зорчих эрхээ хасуулсан хүн өөр нутаг дэвсгэрт явж байсан нь шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байна гэсэн шүүмжлэлийг дагуулсан юм.
Тиймээс энэ талаар эх сурвалжаас тодруулахад "Хэрэгт оролцогчдын аль нэг тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргавал давж заалдах шатны шүүх хурал товлогдоно. Одоогоор аль нэг тал давж заалдах шатны шүүхэд хандаагүй байгаа. Хэрэв хуулийнхаа хугацаанд гомдол гаргахгүй бол анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгжээд явна. Хэрэв давж заалдах шатны шүүхэд гомдол гаргавал давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн дараа шийдвэр хэрэгжинэ" хариуг өгчээ.
Ийм ял оногдуулсан бол цахим гав зүүж тухайн нутаг дэвсгэрээс хаашаа ч гарч болдоггүй, гарсан бол цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдээлэл очдог билээ. Гэтэл Хан-Уул дүүргээс гарч болохгүй ялтай Б.Амарсайхан өөр дүүргийн нутаг дэвсгэрт зорчиж зодоон хийж байгаа нь ял нэмүүлэх учиртай. Гэтэл хууль, шүүхийнхэн энэ тал дээр ямарч арга хэмжээ авахгүй байна. Мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүст хууль үйлчлэхгүй байгаагийн нэг тод жишээ бол энэ.
С.Данзан
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.