dobu.mndobu

17 настай хүү агт араа авхуулах мэс заслын үеэр нас баржээ

17 настай хүү агт араа авхуулах мэс заслын үеэр нас баржээ

Вашингтон мужийн Спокейн хот (Gray News) – 17 настай хүү агт араа авхуулах мэс заслын үеэр нас барсан хэрэгтэй холбогдуулан түүний эцэг эх мэс засалчийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Талийгаач Эрик Эдж нь эрүүл чийрэг өсвөр насны хүүхэд байсан бөгөөд мэдээ алдуулалтад нийтлэг хариу урвал илэрсний улмаас амьсгалын зам нь хаагдсан гэж гомдолд дурдсан байна. Гэвч мэс засалч энэ нөхцөл байдлыг цаг тухайд нь анзаараагүйгээс эмгэнэлт үр дагаварт хүрсэн хэмээн үзэж байгаа аж.

Эрикийн эцэг эх Марк, Сара Эдж нар даваа гарагт мэс засалч Brian W. McLelland-ийн эсрэг эмнэлгийн алдаа, хайхрамжгүй байдлын үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байна. Мөн Эрикийн мэс засал хийгдсэн Liberty Oral and Facial Surgery эмнэлгийг шүүхэд нэр дурджээ.

Нэхэмжлэлд дурдсанаар, мэс заслын үеэр Маклелланд нь мэс засалч болон мэдээгүйжүүлэгч эмчийн үүргийг давхар гүйцэтгэж байсан байна. Мэдээ алдуулалт эхэлсний дараа Эрикийн амьсгалын зам хаагдсан ч хэдэн минутын турш анзаарагдаагүй бөгөөд эмнэлгийн баг яаралтай тусламж үзүүлэхэд зохих бэлтгэлгүй байсан гэжээ.

Гомдлын дагуу, ийм төрлийн мэс заслын үед тусдаа мэдээгүйжүүлэгч эмч өвчтөний амин үзүүлэлтүүдийг хянах нь стандарт практик байдаг. Харин Маклелланд зардлаа бууруулж, ашгаа нэмэгдүүлэхийн тулд хоёр үүргийг зэрэг гүйцэтгэхийг оролдсон нь хайхрамжгүй үйлдэл болсон гэж гэр бүлийн зүгээс үзэж байна.

Мөн мэс засалч өөрөө мэс засал болон мэдээ алдуулалтын цорын ганц үйлчилгээ үзүүлэгч байх талаар урьдчилан мэдээлээгүй, аюулгүй байдлын эрсдэлийн талаар тайлбар өгөөгүй гэж ар гэрийнхэн мэдэгджээ.

Эрикийн ээж Сара Эдж хүүгийнх нь үхэл бүрэн урьдчилан сэргийлэх боломжтой байсан хэмээн онцолсон байна. Тэрбээр эцэг эхчүүд ийм төрлийн “энгийн” гэж үздэг мэс заслын эрсдэлийг сайтар ойлгож, мэдээлэлтэй шийдвэр гаргах шаардлагатайг хэлжээ.

Эрикийн дурсгалд зориулан Гондураст цэвэр усны худаг байгуулах зорилготой хандивын аян эхлүүлсэн байна. Тэрбээр өмнө нь тус улсад худаг барих сайн дурын ажилд оролцож байсан аж.

Гэр бүлийн өмгөөлөгч George Ahrend шүүхийн зорилго нь хариуцлага тооцохоос гадна цаашид ийм төрлийн эмгэнэлт явдлаас урьдчилан сэргийлэхэд оршиж байгааг мэдэгджээ.

 

Эх сурвалж: Gray Local Media

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.