0

Улс төрийн хүрээнд Д.Амарбаясгаланг “МАН-ын залуу үеийн том стратегич” гэж хэлдэг. Нөгөө талаар “Эрчээрээ цааш явсан бол аймшгийн дарангуйлагч болох байв” гэдэг. Мөн “Амаргүй хүн дээ” ч гэдэг. Миний хувьд цааш саадгүй явсан бол аль алиныг нь хослуулахгүй бол улс төрд ганц мориор газар хороох биш. Гэхдээ “Чамгүй стратегич” гэдэгтэй бол санал нийлнэ. Даанч амбицаа дийлэхээ больсон “Өндөр” Б.Энхбаяр ах нарын захиалгаар гарч ирээд өс хонзонгоо аваад байна уу.
Б.Энхбаяр ч юу байхав дээ, “Бор тээг”-ийн орд газар л боомилсон доо. Д.Амарбаясгалан “Бор тээг”-ээр боолгоогүй бол өдийд бүхний эзэн болчихсон байх шүү. Ёстой л олны таамаглаж байгаагаар “аймшгийн дарангуйлагч” болчихсон байх юм болов уу. Эсвэл хэтийн стратегиа боловсруулж, аль эрт Ерөнхийлөгчийн сонгуулийн төсөөллийг зураад тавьчихсан байх болов уу. Үнэнийг хэлэхэд түүнд хуучны ЗХУ-ын КГБ буюу Улсыг аюулаас хамгаалах хорооны ажилтны шинж чанар байдаг шүү. Энэ нь шууд утгаараа муу гэсэн үг биш.
Одоо түүнийг бүр намаасаа хөөчихлөө. Цагтаа маш том хүрээлэлд байсан Д.Амарбаясгаланг намаасаа хөөх шийдвэрийг сонссон Бага хурлын гишүүд алга нижигнүүлж байгааг огт ойлгоогүй. Уг нь МАН хэмээх мангасыг гурван сонгуульд ялалтын тавцанд зогсоож чадсан хүн. Олон ч хүнийг ар өвөртөө чирч тэжээсэн хүн. Гэтэл унасан дээр нь улам бүр дэвсэж орхилоо. Улс төр ч энэрэлгүй өрсөлдөөн хойно арга байхгүй л дээ. Намаас хөөх шийдвэрийг Д.Амарбаясгалангийн өөрийнх нь өөрчлөн найруулсан МАН-ын дүрмийн дагуу гаргасан. Авлига, албан тушаал, төрийн өмч шамшигдуулсан зэрэг гэмт хэрэгт шалгуулж байгаа бол намаас хөөнө гээд цагаан дээр хараар бичсэн нь бий. Өөрөөр хэлбэл өөрийнх нь “бүтээл”-ээр өөрийг нь өөрийнх нь намаас түтгэлзүүлж байна.
Гэхдээ МАН нэг “амаргүй” нөхрөө намаас хөөж байгаагийн цаана аюул бий. Хэрэв тэр Н.Номтойбаяртай нийлээд улс төр хийвэл яах юм. Магадгүй Д.Амарбаясгаланг дагаад МАН-ыг орхих нөхөд ч байж таарна. Одоо МАН-ын хашааны гадна хаашаа ч үгүй болчихсон Ж.Мөнхбатаас эхлээд олон нөхөр байгааг ч мартаж болохгүй. Хэрэв улс төр хийхээр шийдвэл 2012 оны түүх ч давтагдах магадлалтай. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр МАХН нэрийг аваад МАН-аас мандатгүй үлдэхээр шийдчихсэн Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Ц.Оюунбаатар, Л.Цог, Н.Удвал нарын олон хүнийг өөртөө татаж МАН-ын саналыг хувааснаар ялагдалд хүргэсэн түүх халуунаараа бий. Түүнийг ирээдүйд ийм л улс төр угтаж таарна. Гагцхүү “Бор тээг”-ийн асуудал хаашаа шийдэх юм бол. Өөрөө бол “Би ямар ч асуудалгүй” гээд зүтгэж байгаа. Одоо бол Д.Амарбаясгалангүй МАН амжилтаа давтах уу, үгүй юу гэдэг том асуудал үлдсэн. Тэр бол Я.Содбаатар, Г.Занданшатар Н.Учрал нартай харьцуулах аргагүй өвөрмөц харизмтай улстөрч.
Хорин хэдэн настай залуу 2008-2020 он хүртэл НИТХ-ын төлөөлөгчөөр улс төрийнхөө карьерыг эхлүүлж, тэргүүлэгч, бүлгийн даргаар ажиллаж байв. Ийнхүү 2015 онд МАН-ын сонгууль хариуцсан Нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад тухайн үеийн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат УИХ-ын гишүүн, сайд болон өгсөхөд МАН-ын гал тогоог барьж үлдсэн хүн. Мөн давхар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болж заларсан байдаг.
Өнгөрөгч 2024 оны сонгуулийн өмнө Шинэ хоршоо хөдөлгөөн өрнүүлж, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль санаачилж гээд нэлээд хөдөлгөөнд орж байгаад сонгуульдаж, УИХ-ын гишүүн болсон. Үнэнийг хэлэхэд эдийн засаг тааруу байхад нэг их наяд шахам төгрөгийн зээл тараасан, Гаалийн албан татвар чөлөөлж байна гээд газар тариалангийнхаа салбарыг татаж унагаасан бурууг тэр яах аргагүй үүрэх учиртай. Ингэхдээ Алтай нутгийнхаа хоёр ахыг замаасаа зайлуулсан гэх шошгыг түүнд бас наах болсон доо. Энэ тухай Ш.Раднаасэд өөрөө ч батлан ярина лээ. МАН-ыг олон удаагийн шат шатны сонгуульд амжилттай авч орсон гэх шан харамжаар УИХ-ын дарга болж байв.
Харин өнгөрөгч намар МАН-ын даргад шунаж байж ах нартаа нам даруулсан. Уг нь ч бол МАН-ын хурлаар даргад өрсөлдөөд Г.Занданшатарыг ч тоосон дунд хаясан л даа. Цаадуул нь хүчээр ялалтын уухай түрчихсэн болохоос тэр ялсан. Одоо бүр намгүй болгоод авлаа. УИХ-ын гишүүний “бүрэн эрх” гэх зүйлтэй намгүй сул гишүүн болсон. Гэтэл Ерөнхийлөгчийн зүгээс “УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж” болох хуулийн төсөл өргөн барихаа илэрхийлчихлээ. Улс төрийн амьдралын хувьд нэлээд амаргүй л ирээдүй тосон уулзана. Бор тээгийн асуудал ч юу болох юм. Үнэнийг хэлэхэд өндөр дээд суудалд байгаа ах нарынхаа үгээр л явах байсан ч шазуур зуусаар байгаад өөрийгөө унагаачихав уу гэж хардаг. Нэрт яруу найрагч Тоомойн Очирхүүгийн “Засагт ханы хөх харчууд шүлэгт
“Засагт ханы хөх харчууд зангаа тавихгүй шаралхуу
Завилж суусан хойноо зайгаа тавихгүй шазруун
Угшил түүхийг яривал Хаан гэрсэнзийн овог
Унасан хүлгийг нь яривал хар азаргын домог” гэдэг дээ. Үүн лугаа шазуур зууж шаралхаж байсан нь их нам дор унах шалтгаан болчихов уу.
Д.Амарбаясгаланд нэг сайн чанар бий. Тэр нь бусад шиг индэр дээр уриа хашгирч, камерын өмнө дүр эсгээд байдаггүй. Сонгуулийн санал хаанаас ирэхийг, хаана алдах гэх мэт судалгааг ном болгож, аль үед засаглал ганхах, эрсдэл үүсэхийг урьдчилж харж чаддаг ялалтын стратегич юм болов уу гэдгийг МАН-ын сонгуулийн хэд хэдэн ялалтаас харагдана лээ.
Удам угшил татвал түүний эцэг Д.Дашзэгвэ социалист нийгмийн үед нэгдэл нийгэм босголцон, хоршооллын дарга явсан төдийгүй аймгийн намын үүрийн даргаар ажиллаж байсан гэхээр бас нэгийг өгүүлнэ. Босоо тогтолцооны дагуу хот хүрээ, сум суурингүй нам гэх “хадны мангаа” чинь ард түмнийг нухчин дарж явлаа ш дээ. Энэ “Хадны мангаа”-г аймгийн хэмжээнд удирдаж байсан хүн. Нийгэм цаг үеийг яах билээ. Туйлын хөдөлмөрч хүн байсан гэдгийг нутгийнхан ярьдаг. Түүний аав “Жаран жил хоршоолол”-ын дарга, Намын үүрийн даргаар ажиллаж байсан. Ингэхдээ малын үүлдэр угсааг сайжруулах, мах, сүүний чиглэлийн өндөр ашиг шимтэй үхрийн аж ахуй байгуулахад онцгой анхаарч, Норвегийн өндөр ашиг шимт үрээр мах, сүүний чиглэлийн “Норвегийн улаан” үхрийн цөм сүрэг бүрдүүлэх чухал ажлыг санаачлан хэрэгжүүлсэн хүн.
Тэр өөрөө бол алс баруун Алтайд төрж өсөөд ШУТИС-ийн Холбоо мэдээллийн технологийн сургууль, МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургууль тус тус дүүргэсэн, жинхэнэ унаган монгол боловсролтой нөхөр. Ажил хөдөлмөр гэвэл өдгөө ахынхаа эзэмшиж буй "Соёмбо принтинг" компанийн ерөнхий менежер, захирлаар ажил хөдөлмөрийнхөө гарааг эхлүүлж, улмаар "Монгол шуудан" ТӨХК-ийн Маркетинг төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байгаад МАН-ын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга болсон түүхтэй. Ийм нэг идэрхэн улстөрч ихэд залуугаасаа өндөр авсан ч маш нам дор газардаж байгаа нь тийм ч тааламжтай зүйл биш.
Одоо Д.Амарбаясгалан гэх улстөрчийн хувь заяа хаашаа хэрхэн эргэхийг таах аргагүй зам дээр зогсож байна даа. Түүнийг ирээдүйд амаргүй даваанууд ч тосон уулзаж магад. Хамгийн гол нь Д.Амарбаясгалангүй Ардын нам уу, Ардын намгүй Д.Амарбаясгалан уу гэдгийг харах л үлдлээ.
С.Ууганбаяр
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.