dobu.mndobu

Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноолоо

Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноолоо

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр, Хан Хэнтий улсын тусгай хамгаалалттай газар-т нэн ховор амьтан агнасан хэрэгт холбогдсон иргэнд шүүхээс 2 жилийн хорих ял оноолоо.

Цагдаагийн байгууллагаас тусгай хамгаалалттай бүсэд явуулсан хяналт шалгалтын үеэр иргэн Б нь нэн ховор амьтны жагсаалтад багтсан шивэр хандгайн махыг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж явсан нь илэрчээ. Мөн шалгалтаар түүний биед зэвсгийн чанартай эд зүйл авч явсан нь тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Монгол Улсын иргэн Б нь Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “нэн ховор амьтан”, Монгол Улсын Улаан номд “нэн ховор” ангилалд бүртгэгдсэн шивэр хандгайг тус хамгаалалттай газраас агнасан нь тогтоогджээ. Улмаар хэргийг 2025 оны долоодугаар сарын 22-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар Сэлэнгэ аймгийн прокурорын газарт хүргүүлсэн байна.

Хэргийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэлэлцэн, иргэн Б-г гэмт буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэлээ.

Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтын дагуу амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож, 39 сая 400 мянган төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Иймд хууль бусаар ан агнах гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад шуурхай өгч, байгаль хамгаалах үйлсэд идэвхтэй оролцохыг иргэдэд уриаллаа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.