dobu.mndobu

Z үеийн эрчүүдийн дунд хүйсийн уламжлалт ойлголт хүчээ авч байна

Z үеийн эрчүүдийн дунд хүйсийн уламжлалт ойлголт хүчээ авч байна

Олон улсын шинэ судалгаагаар залуу үеийнхэн илүү либерал үзэлтэй байдаг гэсэн ойлголтыг эргэлзээнд орууллаа. Судалгаанд хамрагдсан Z үеийн эрчүүдийн бараг гуравны нэг нь эхнэр нөхөртөө үргэлж дуулгавартай байх ёстой гэж үздэг бол мөн адил хувь нь гэр бүлийн чухал шийдвэрийг нөхөр эцэслэн гаргах ёстой гэж хариулжээ.

Энэхүү судалгааг Ipsos болон King’s College London Global Institute for Women’s Leadership хамтран 29 оронд явуулж, үр дүнг энэ долоо хоногт нийтэлсэн байна. Судалгааны дүнгээс харахад Z үеийн эрчүүдийн тодорхой хэсэг уламжлалт хүйсийн үүргийг дэмжих хандлагатай байгаа нь анхаарал татжээ.

Харин Z үеийн эмэгтэйчүүдийн дөнгөж 18 хувь нь эхнэр нөхрөө дуулгавартай дагах ёстой гэсэн санаатай санал нийлсэн нь энэ насны бүлгийн хүйсийн хооронд тодорхой ялгаа байгааг харуулж байна.

Мөн үе хоорондын сонирхолтой зөрүү илэрчээ. 1946–1964 оны хооронд төрсөн “бэби бумер” үеийнхэн зарим асуудлаар Z үеийн эрчүүдээс илүү либерал үзэлтэй байгааг судалгаанд дурдсан байна. Тухайлбал, эмэгтэйчүүд бие даасан байх ёстой гэсэн санааг бэби бумерууд илүү их дэмжжээ.

Судлаачид үүнийг эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байна. Z үеийнхэн 2008 оны дэлхийн санхүүгийн хямрал, сургалтын төлбөрийн өсөлт, мөн Ковид-19 цар тахлын үеэр хөдөлмөрийн зах зээлийн хүндрэлтэй нөхцөлд өсөж бойжсон нь уламжлалт үнэт зүйл рүү хандах хандлагыг нэмэгдүүлж болзошгүй гэж үзжээ.

Судалгаанд оролцсон Z үеийн эрчүүдийн 43 хувь нь “залуу эрчүүд бие бялдрын хувьд хүчтэй байхыг хичээх ёстой” гэсэн уламжлалт эршүүд чанарыг дэмжсэн байна. Судлаачид үүнийг цахим орчин дахь нөлөө, ялангуяа эмэгтэйчүүдийг дорд үзсэн үзэл санаа түгээдэг инфлюэнсерүүдтэй холбоотой байж болзошгүй гэж тайлбарлажээ. Тухайлбал, сошиал сүлжээнд маргаантай байр суурь илэрхийлдэг Andrew Tate зэрэг хүмүүсийн контент залуу эрчүүдэд нөлөөлж болзошгүйг дурдсан байна.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар эдгээр хандлага нь нийгэм дэх эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтын асуудалтай холбоотой байж болох тул залуучуудад хүйсийн тэгш байдлын талаарх боловсрол, ойлголтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж онцолжээ.

 

Эх сурвалж: The Guardian

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.