dobu.mndobu

Хөрөнгө оруулагчдад зориулсан “Investment and Trade Agency Week” арга хэмжээ эхэллээ

Хөрөнгө оруулагчдад зориулсан “Investment and Trade Agency Week” арга хэмжээ эхэллээ

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд 2026 оны гуравдугаар сарын 9-13-ны өдрүүдэд “Investment and Trade Agency Week” арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээний хүрээнд хөрөнгө оруулалт, худалдаа, татвар, санхүү, эдийн засгийн бодлогын чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг, салбарын танилцуулга, хөрөнгө оруулалтын ганцаарчилсан уулзалтууд зохион байгуулж, мэргэжлийн зөвлөгөө, мэдээллийг хөрөнгө оруулагчдад хүргэж эхэллээ.

Арга хэмжээний эхний өдөр “Монголын сэргээгдэх эрчим хүчний салбар ба хөрөнгө оруулалтын боломжууд” сэдэвт хэлэлцүүлэг болж, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн нар нээж үг хэлэв.

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн хэлсэн үгэндээ Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд байгуулагдсан Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв нь хөрөнгө оруулагчид болон Засгийн газрын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, бодлого, эрх зүйн орчны талаарх мэдээллээр хангах, мөн хөрөнгө оруулагчдад тулгарч буй асуудлыг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготойг онцоллоо.

Тэрбээр Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.8 хувийн өсөлттэй гарч, нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн 89.9 их наяд төгрөгт хүрснийг дурдав. Үүнд хөдөө аж ахуй 33.2 хувь, уул уурхай 10.6 хувь, боловсруулах үйлдвэрлэл 12 хувиар тус тус өссөн байна. Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлсний үр дүнд 2025 онд нийт экспортын орлого 15.7 тэрбум ам.долларт хүрч, нүүрсний экспорт 90 сая тоннд хүрч өмнөх оноос 7 хувиар өссөн бол зэсийн баяжмалын экспорт 2 сая 281 мянган тоннд хүрч 35 хувиар нэмэгдсэн байна. Үүний үр дүнд гадаад валютын улсын нөөц 2025 онд 7 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд түвшинд хүрсэн гэдгийг онцлов.

Сүүлийн жилүүдэд аж үйлдвэржилт, хүн амын өсөлт, хотжилт нэмэгдэж буйтай холбоотойгоор Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жил бүр дунджаар 7-8 хувиар өсөж байна. Гэвч дотоодын эх үүсвэрийн хүчин чадал, дэд бүтцийн хязгаарлалт, мөн ашиглалтын хугацаа хэтэрсэн дулааны цахилгаан станцуудын улмаас нийт хэрэглээний 24 хувийг хөрш орнуудаас импортолж байгаа юм. Нөгөө талаар сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл бодлогоор дэмжигдэж байгаа ч одоогоор нийт хэрэглээний 8 хувиас бага хувийг эзэлж байна.

ймд эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах зорилгоор ойрын таван жилийн хугацаанд нийт 18.8 их наяд төгрөгийн өртөг бүхий 16 эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс 13.5 их наяд төгрөгийн санхүүжилттэй таван төсөл нь шууд хөрөнгө оруулалтаар хэрэгжих юм. Эдгээр төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын суурилагдсан хүчин чадал 2024 оны 1,350 МВт-аас 2030 онд 2,100 МВт-д хүрч, эрчим хүчний импортын хамаарал 40 хүртэл хувиар буурах, сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь 9 хувиас 25 хувь хүртэл нэмэгдэх, мөн нүүрстөрөгчийн ялгарал жилд 3 сая тонноор буурах тооцоолол гарсан гэдгийг хэлсэн юм.

Мөн ийм хэмжээний төслүүдийг хэрэгжүүлэхэд төрийн санхүүжилт дангаараа хангалтгүй тул хувийн хэвшлийн оролцоо, шууд хөрөнгө оруулалт, төр-хувийн хэвшлийн түншлэлийг идэвхтэй нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо.

Засгийн газар эдийн засгийн өсөлтийг зөвхөн макро эдийн засгийн үзүүлэлтээр бус бизнесийн өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтын орчин, ажлын байр, экспортын бодит үр дүнгээр хэмжих зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд “Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх” 300 хоногийн ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлж, бизнесийн орчныг сайжруулах, хувийн хэвшлийг дэмжих, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодит арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Тус төлөвлөгөө нь инфляцын дарамтыг бууруулах, иргэдийн бодит орлогыг хамгаалах, бизнесийн эрх чөлөөг нэмэгдүүлэх, төрийн зохицуулалтыг оновчтой болгоход чиглэж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.