dobu.mndobu

Дэлхий "түчигнэхэд" монголууд дотоод эв нэгдлээ хангах нь чухал

0

НийтлэлчAdmin

Огноо2026-03-11

Дэлхий "түчигнэхэд" монголууд дотоод эв нэгдлээ хангах нь чухал

Сүүлийн жилүүдэд дэлхий дахины геополитикийн орчин үндсээрээ өөрчлөгдөж байна. Хүйтэн дайны дараах олон улсын дэг журам аажмаар задарч, хүчний тэнцвэр шинэ хэлбэрт шилжиж эхэллээ. Нэгэн цагт олон улсын харилцааг зохицуулж байсан НҮБ тэргүүт институциудын нөлөө суларч, их гүрнүүдийн хоорондын өрсөлдөөн илүү ил тод, илүү ширүүн болж, хайрцаглах аргагүй болж байна.

Дэлхий нийт бөмбөрцгийн өнцөг булан бүрд өрнөж буй үйл явдлыг урьд өмнөхөөсөө илүү анхааралтай ажиглаж, улс орнууд зөвхөн дипломат харилцаагаар бус, эдийн засаг, технологи, түүхий эдийн нөөц, эрчим хүч, худалдааны коридор зэрэг олон хүчин зүйлээр хоорондоо өрсөлдөх болсон. Энэ өрсөлдөөн зарим тохиолдолд зэвсэгт мөргөлдөөнд хүрч, заримдаа эдийн засгийн хориг, худалдааны дайн, технологийн хориг зэрэг шинэ хэлбэрийн тэмцэл болж хувирч байх жишээтэй.

Олон улсын харилцаанд “хүчтэй нь давамгайлдаг бодит улс төр” буюу реалполитикийн хандлага дахин давамгайлах шинжтэй болов. Нэгэн цагт дэлхийн энх тайван, олон улсын хамтын ажиллагааг бэлгэддэг байгууллагуудын нөлөө буурч, улс орнууд үндэсний эрх ашгаа нэгдүгээрт тавих бодлого руу улам бүр шилжиж байна. Энэ нөхцөл байдал нь дэлхийн геополитикийн орчныг илүү тогтворгүй, урьдчилан таамаглахад бэрх болгож байгааг олон улсын шинжээчид онцолж байгааг анзаарах хэрэгтэй.

Өнөөдрийн дэлхийн улс төр, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь их гүрнүүдийн хоорондын өрсөлдөөн болсон. Эдийн засгийн ноёрхлоо хадгалах, түүхий эдийн нөөц, худалдааны зам, технологийн давамгайллыг хяналтандаа байлгахын тулд улс орнууд стратегийн бодлогоо эрчимтэй хэрэгжүүлж байна.

Эрчим хүч, ховор металлын нөөц, хүнсний аюулгүй байдал, далайн болон хуурай газрын тээврийн коридор зэрэг нь геополитикийн шинэ “зэвсэг” болж хувирлаа. Хориг арга хэмжээ, санхүүгийн системийн хяналт, технологийн нийлүүлэлтийн гинжин хэлхээ нь улс орнуудын өрсөлдөөний гол талбар боллоо.

Ийм нөхцөлд дэлхийн эдийн засаг улам фрагментчлагдаж, улс орнууд бүс нутгийн эвсэл, худалдааны блокуудад хуваагдах хандлага ажиглагдаж байна. Энэ нь жижиг, нээлттэй эдийн засагтай орнуудад илүү эмзэг орчин бий болгох эрсдэлтэй.

Газарзүйн байрлал, эдийн засгийн бүтэц, худалдааны хамаарал зэргийг харгалзан үзвэл Монгол Улс дэлхийн геополитикийн өөрчлөлтөд хамгийн мэдрэмтгий орнуудын нэг юм. Экспорт, импортын ихэнх хэсэг нь хязгаарлагдмал чиглэлд төвлөрсөн, эдийн засаг нь түүхий эдийн зах зээлээс өндөр хамааралтай хэвээр байна.

Хэрэв олон улсын нөхцөл байдал хурцдаж, худалдааны урсгал тасалдах, хил гаалийн хөдөлгөөн саарах нөхцөл үүсвэл Монголын эдийн засагт маш том цохилт ирэх магадлалтай. Тиймээс Монгол Улсын хувьд эдийн засгийн тэсвэрлэх чадавхийг нэмэгдүүлэх нь үндэсний аюулгүй байдлын асуудал болж хувирч байна.

Ялангуяа хүнсний аюулгүй байдал стратегийн түвшний асуудал болох нь гарцаагүй. Хил хаагдах, нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасалдах тохиолдолд монголчууд дотооддоо хүнсээр хангагдах боломжтой байх ёстой. Энэ нь зөвхөн хөдөө аж ахуйн бодлого бус, үндэсний аюулгүй байдлын бодлого гэдэг нь харагдаж байна. Ковид цар тахлаас үүдэлтэйгээр хэрэгжсэн "Хүнсний хувьсгал", "Атрын IV аян", "Цагаан алт" хөтөлбөрүүд цагаа олж хэрэгжжээ гэж харж байна.

Монгол Улс геополитикийн хувьд хоёр их гүрний дунд оршдог, зах зээл нь харьцангуй жижиг улс. Ийм нөхцөлд нэг зах зээл, нэг салбараас хэт хамааралтай эдийн засаг маш эмзэг байдаг.

Иймээс Монгол Улсын хөгжлийн стратеги дараах хэд хэдэн чиглэлд төвлөрөх шаардлагатай:

1. Эдийн засгийн төрөлжилт-уул уурхайгаас хэт хамааралтай байдлыг бууруулах,

2. Хүнсний дотоод үйлдвэрлэл-стратегийн бүтээгдэхүүнүүдийг дотооддоо хангах,

3. Тээвэр логистикийн олон гарц-экспорт, импортын коридорыг өргөжүүлэх,

4. Эрчим хүчний бие даасан байдал-дотоодын эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх,

5. Стратегийн нөөц-түлш, хүнс, эм зэрэг нөөцийг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай. Ингэснээр Монгол Улсын эдийн засаг илүү тогтвортой, гадаад цочролд тэсвэртэй байх болов уу. Энэ чиглэлийн экспертүүд бүр илүү тодорхой зүйлсийг бичих байх.

Хүн бүрд хамааралтай нэг зүйл байна. Гадаад орчин ийнхүү хурцдаж буй үед аливаа улсын хамгийн чухал зүйл нь дотоод тогтвортой байдал байдаг. Улс төрийн талцал, богино хугацааны ашиг сонирхол, намын доторх зөрчил, албан тушаалын төлөөх толхилцоон нь аль ч улсыг сулруулдаг, сульдаадаг.

Монгол Улсын хувьд энэ цаг үед нам доторх би, чи-гийн маргаан, улстөрчдийн бие биеэ үгүйсгэсэн байдал, жагсаал цуглаан хамгийн ашиггүй зүйлсийн нэг болж байна. Улс төр гэж харж болох ч улс орны эрх ашгаа нэн тэргүүнд эрэмбэлэх нь маш чухал. Дэлхий дахинд хүчний тэнцвэрийн шинэ тулаан өрнөж буй энэ үед Монголын улс төр дотоод эв нэгдэл, үндэсний эрх ашигт улс төрийн намууд, улстөрчид төвлөрөх шаардлагатай юм.

Өнөөдөр олон улсын систем илүү прагматик болж байна. Улс орнууд олон улсын байгууллагуудаас илүүтэйгээр өөрийн үндэсний ашиг сонирхлыг нэгдүгээрт тавьж, хүчний бодит тэнцвэрт тулгуурлан бодлогоо тодорхойлох болсон.

Энэ нь жижиг улс орнуудад сорилт боловч нөгөө талаас боломж юм. Хэрэв зөв бодлого, ухаалаг дипломат харилцаа, эдийн засгийн стратеги хэрэгжүүлж чадвал жижиг улс орнууд ч геополитикийн орчинд өөрийн байр суурийг хадгалж чадна.

 

Э.Энхболд

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.