dobu.mndobu

БНСУ-д сургуулийн хүчирхийлэлд ямар арга хэмжээ авдаг вэ

БНСУ-д сургуулийн хүчирхийлэлд ямар арга хэмжээ авдаг вэ

БНСУ-д сургуулийн хүчирхийлэлд ямар арга хэмжээ авдаг талаар Ц.Сүх-Очир цахим хуудснаа ийнхүү бичжээ. 

Тэрбээр "БНСУ-д сургуулийн хүчирхийллийн дараах арга хэмжээ нь захиргааны шийтгэл болон нийгмийн нэр хүндэд суурилсан нийгмийн хориг гэж хуваагддаг.

Сүүлийн үед ЕБС-ийн сурагч байх үед үйлдэж байсан хүчирхийллийн түүх нь насанд хүрсэн хойно нь ч амьдралд нь ноцтой нөлөөлөх тохиолдлууд ихэссэн байна. 

Соёл урлагийн салбарт бол кино, олон ангит драмад тоглох үйл ажиллагааг нь зогсоох, гэрээ цуцлах зэрэг арга хэмжээнүүд авдаг. Хүчирхийлэл үйлдсэн нь тодорхой болох, эсхүл олон нийтийн шүүмжлэл ихсэх үед тоглож буй кино, нэвтрүүлгээсээ хасагдаж, агентлагтай байгуулсан гэрээ нь цуцлагдсан олон тохиолдлууд бий.

Жишээ нь жүжигчин Жисү (지수), дуучин Сүжинъ(수진) нар сургуулийн хүчирхийлэл үйлдсэнээсээ болж хамтлагаасаа гарч, хамтарч ажиллаж байсан төслүүдээс хасагдан урлагийн үйл ажиллагаа нь бүр мөсөн зогссон.

Спортын салбарт улсын бол шигшээ багийн эрхийг хасах, тэмцээнд оролцох эрхийг хугацаагүй түдгэлзүүлдэг байна.

Спортын салбарт амжилтаас илүү ёс зүйг чухалчлах болсон тул хатуу шийтгэл оноодог. Жишээ нь волейболын тамирчин Ий Жэ Ён(이재영), Ий Да Ён(이다영) эгч дүүс сургуулийн хүчирхийлэл үйлдсэний  улмаас улсын шигшээ багт тоглох эрхээ бүх насаараа хасуулж, харьяа багийнхаа тэмцээнд оролцох эрхээ хугацаагүй түдгэлзүүлсэн.

Мөн сүүлийн үед компаниуд ажилд авахдаа хувь хүний түүхийг нарийн шалгадаг болсон бөгөөд ажилд орсон хойноо хүчирхийлэл үйлдсэн нь илэрвэл сахилгын хороо хуралдаж ажлаас чөлөөлөх хүртэлх арга хэмжээ авдаг байна. Жишээ нь нэгэн томоохон корпорацын шинэ ажилтан хүчирхийлэл үйлдэгч байсан нь цахим орчинд ил болсны дараа компанийн нэр хүндийг унагасан гэх шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн тохиолдол бий.

Төрийн албан хаагч, Улс төрчдийн хувьд томилгоог цуцлах, нэр дэвшигчээс татгалзах зэрэг хариу арга хэмжээ авдаг. Нийтийн эрх ашгийг төлөөлөх албан тушаалтнуудын хувьд сургуулийн хүчирхийлэл нь ажилд орох боломжгүй болгох гол шалтгаан болдог. БНСУ-ын Үндэсний мөрдөн байцаах газрын даргаар томилогдож байсан өмгөөлөгч Жон Сүнъ Шинъ (정순신) нь хүүгийнхээ үйлдсэн хүчирхийллийг шийдвэрлэх явцад гаргасан зүй бус үйлдлээсээ болж томилогдсоноосоо хойш нэг хоногийн дараа огцорсон.

Мөн Цэргийн алба хааж байх үед өмнө хийж байсан хүчирхийлэл нь ил болох, эсхүл хохирогч нь гомдол гаргавал шийтгэл хүлээдэг. Жишээ нь офицер, ахлагчийн албанд нэр дэвшигчид өмнө хүчирхийлэл үйлдсэн мөрдөн байцаалтын болон шийтгэлийн бүртгэлтэй бол томилогдохоос татгалзах үндэслэл болдог.

2026 оноос эхлэн бүх их сургуулийн элсэлтэд сургуулийн хүчирхийллийн намтартай эсэхийг заавал шалгахаар тусгасан. Бичгээр уучлалт гуйхаас эхлээд сургуулиас хөөх хүртэлх 1-9 дүгээр шатны арга хэмжээ сургуулийн хувийн хэрэгт тэмдэглэгдэж, энэ нь нэр хүндтэй их сургуульд орох боломжийг хаадаг болсон байна. Өсвөр насанд гаргасан буруу үйлдэл нь насан туршид дагаж явна гэдгийг ойлгох цагт “Манай аав цагдаа, том дарга, баян хүн, Зандашатарын найз” гэх мэтээр цээжээ дэлсэх явдал багасах болов уу" хэмээн бичжээ

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.