dobu.mndobu

“Худалдаа, бизнесийн салбарыг онцлох өдөр” арга хэмжээ боллоо

“Худалдаа, бизнесийн салбарыг онцлох өдөр” арга хэмжээ боллоо

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд өнөөдөр /2026.03.13/ “Хөрөнгө оруулалт, худалдааны газрын нэрэмжит 7 хоног”-ийн хүрээнд “Худалдаа, бизнесийн салбарыг онцлох өдөр” арга хэмжээ боллоо.

Арга хэмжээг нээж Эдийн засаг, хөгжлийн яамны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогын газрын дарга Д.Эрдэнэтуяа үг хэлж, Монгол Улсын гадаад худалдааны өнөөгийн нөхцөл байдал, худалдааг дэмжих бодлого, экспортын боломжийг нэмэгдүүлэх чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа. Тэрбээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж, гадаад худалдааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдэд тулгарч буй саад бэрхшээлийг хамтран шийдвэрлэх нь чухал болохыг онцолсон юм.

Энэ хүрээнд Монгол Улсын гадаад худалдааны өнөөгийн нөхцөл байдал, гаалийн байгууллагын үйл ажиллагаа, гаалийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, Монгол Улсаас БНХАУ-д экспортлох хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүний шинжилгээ, Узбекистан улсын зах зээлийн эргэлт, экспортлогчдыг дэмжих санхүүгийн үйлчилгээ, тээвэр, логистикийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга, мэдээлэл хийж, оролцогчид санал солилцов.

Түүнчлэн гадаад худалдааны баримт бичгийг цахимжуулах, гарал үүслийн гэрчилгээг хялбаршуулсан хэлбэрээр авах үйл явц, экспортын туршлага, худалдааны гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэхэд анхаарах асуудлын талаар мэдээлэл өгөв. Мөн бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Арга хэмжээнд Эдийн засаг, хөгжлийн яам, Гаалийн ерөнхий газар, Монгол Улсын Их Сургууль, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Улаанбаатар хотын Худалдааны танхим, Зээлийн батлан даалтын сан болон тээвэр, логистик, экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 60 гаруй төлөөлөл оролцож, гадаад худалдаа, экспортын боломж, тулгамдсан асуудлын талаар хэлэлцэж, харилцан санал солилцов.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.