dobu.mndobu

АНУ-ын B1/B2 виз мэдүүлэхэд Монгол улсын иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна

АНУ-ын B1/B2 виз мэдүүлэхэд Монгол улсын иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна

2026 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн АНУ-ын B1/B2 ангиллын виз мэдүүлэгч Монгол Улсын иргэд виз олгогдохоос өмнө 15,000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа (визийн бонд) байршуулах шаардлагатай болох талаар албаныхан мэдээллээ.

Уг шаардлага нь визийн бүх шалгуурыг хангаж буй иргэдэд хамаарах бөгөөд визийн ярилцлагын үеэр консул барьцаа байршуулах зааварчилгааг өгөх аж. Мөн барьцааг бүрэн байршуулах хүртэл виз олгох боломжгүй бөгөөд визийг хаанаас мэдүүлж байгаагаас үл хамааран энэ журам үйлчлэх юм байна.

Иргэдийг гуравдагч этгээдийн цахим хуудас ашиглан барьцаа байршуулахгүй байх, консулын албан ёсны заавар авалгүйгээр ямар нэгэн төлбөр хийхгүй байхыг анхааруулжээ.

Түүнчлэн, 2026 оны нэгдүгээр сарын 21-нээс эхлэн АНУ-ын Төрийн департаментаас нийгмийн халамжид өндөр зардал учруулдаг гэж үнэлэгдсэн улс орнуудын (үүнд Монгол Улс багтана) иргэдэд цагаачлалын виз олголтыг түр хугацаагаар зогсоосон байна. Гэсэн ч иргэд виз мэдүүлэх, ярилцлагад орох боломжтой хэвээр байгаа аж.

Мөн цагаачлалын бус виз мэдүүлэгчид өөрийн оршин суугаа улс эсвэл иргэншлийн улсынхаа АНУ-ын Элчин сайдын яам, Консулын газарт ярилцлагын цаг товлох шаардлагатайг санууллаа. Визийн хураамж буцаан олгогдохгүй бөгөөд шилжүүлэх боломжгүй юм.

Үүнээс гадна H1-B, H-4, F, M, J ангиллын виз мэдүүлэгчид олон нийтийн сүлжээний бүх профайлаа нээлттэй болгож, шалгуулах шаардлага тавигдаж эхэлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн 10998 дугаар зарлигийн хүрээнд 39 улсын иргэдийн АНУ-д нэвтрэх, виз авах нөхцөлд хязгаарлалт тогтоосон бөгөөд уг шийдвэр 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн байна.

Мөн АНУ-ын Төрийн департаментаас Олон үндэстний цагаачлалын виз олголтыг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасныг албаныхан мэдээллээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.