dobu.mndobu

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн чадавхыг бэхжүүлэх төслийн удирдлагын сургалт эхэллээ

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн чадавхыг бэхжүүлэх төслийн удирдлагын сургалт эхэллээ

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д Төр, хувийн хэвшлийн түншлэлийн чадавхыг бэхжүүлэх төслийн удирдлагын сургалт эхэллээ.

2026 оны есдүгээр сарын 17-ноос 19-ний өдрийг хүртэл үргэлжлэх энэхүү сургалтыг Эдийн засаг, хөгжлийн яам болон Пи Эм Ай Монголиа Чаптэр хамтран, Азийн Хөгжлийн банкны санхүүжилттэйгээр зохион байгуулж буй бөгөөд Эдийн засаг, хөгжлийн яам, “Төр хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГ, “Улаанбаатар түншлэл” ХХК, 21 аймгийн ЗДТГ-ын Түншлэлийн асуудал хариуцсан 40 гаруй албан хаагчид оролцож байна.

Сургалтын арга хэмжээг нээж Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү үг хэлэхдээ, өнгөрсөн зургадугаар сард 21 аймагт орон нутгийн түншлэлийн чадавхыг бэхжүүлэх бүсчилсэн сургалт зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн сургалт нь уг ажлын үргэлжлэл болохыг онцоллоо.

Тэрбээр “Зургадугаар сард түншлэлийн эрх зүйн орчин, журмын талаарх мэдлэгийг олгосон бол энэ удаагийн сургалтаар түүнийг хэрэгжүүлэх практик арга, хэрэгслээр хангах зорилт тавьж байна” гэдгийг тэмдэглэв.

Гурван өдрийн сургалтаар төслийн засаглал, хамрах хүрээ, хугацаа, зардал, нөөц, оролцогч талууд болон эрсдэлийн удирдлагын үндсэн чиглэлүүдийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалд тулгуурлан цогцоор нь авч үзэж байна.

Сургалтын зорилго нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн ажилтнууд болон 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын түншлэлийн асуудал хариуцсан албан хаагчдад түншлэлийн төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай төслийн удирдлагын мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэж байна. Мөн төслийг үр дүнтэй санаачлах, төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах, удирдах болон хаахад шаардлагатай практик мэдлэг, арга хэрэгсэл, техникүүдийг эзэмшүүлэх юм.

Сургалтыг бодит жишээ, багийн дасгал, кейс судалгаа, загвар маягт болон хэлэлцүүлэгт тулгуурлан, төслийн практиктай хослуулан зохион байгуулж байна. Ингэснээр оролцогчид төслийг санаачлахаас эхлээд хаах хүртэлх бүхий л үе шатанд үр дүнтэй удирдах практик ойлголт, ур чадвар эзэмших боломж бүрдэж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.