dobu.mndobu

"Төрийн алба ба хөрөнгө оруулагчдын олон талт харилцаа” сургалт, хэлэлцүүлэг боллоо

"Төрийн алба ба хөрөнгө оруулагчдын олон талт харилцаа” сургалт, хэлэлцүүлэг боллоо

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Төрийн алба, албан хаагчдын хөрөнгө оруулагчидтай харилцах стандарт”-ыг сурталчлах долоо хоногийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, өнөөдөр /2026.03.26./ “Төрийн алба ба хөрөнгө оруулагчдын олон талт харилцаа” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг болж өндөрлөлөө. 

Арга хэмжээг нээж Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Отгонцэцэг үг хэлэхдээ төрийн байгууллага, албан хаагчид хөрөнгө оруулагчидтай ил тод, хариуцлагатай, стандартчилагдсан харилцааг төлөвшүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр “Эмэгтэй удирдагч сан”-гийн тэргүүн М.Болормаа “Эдийн засгийн олон талт оролцоо ба жендер” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт тэгш оролцоог хангах, жендерийн мэдрэмжтэй бодлого хэрэгжүүлэхийн чухлыг онцлов.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар “Хөгжлийн бэрхшээл ба хүний эрх” сэдвээр илтгэл тавьж, хөрөнгө оруулалт нь хүний хөгжлийг дэмжих суурь хүчин зүйл болохыг тодотгов. Тэрбээр Монгол Улсад 118 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгийг дурдан, тэднийг зөвхөн халамж хүртэгч бус, нийгмийн идэвхтэй бүтээгчид, зах зээлийн оролцогчид гэдгийг онцолж, хөрөнгө оруулагчид болон ажил олгогчдыг тэдний оролцоог дэмжихийг уриаллаа.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Ашигт малтмалын хайгуулын хэлтсийн дарга Б.Золбообаяр “Хувийн хөрөнгөөр гүйцэтгэж буй хайгуулын ажлын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдэл”, Зам, тээврийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Баянзул “Зам, тээврийн салбарын 2026 оны бүтээн байгуулалт болон хөрөнгө оруулалт шаардлагатай төсөл, хөтөлбөрүүд”, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Батбаяр “Мэдээллийн технологийн хөрөнгө оруулалт”, Эдийн засаг, хөгжлийн яамны Ногоон санхүүжилтийн бодлогын хэлтсийн дарга С.Пүрэвсүрэн “Хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд тулгарч буй бэрхшээлүүд” сэдвээр илтгэл тавьж, тулгамдсан асуудал болон шийдвэрлэх боломжит гарцын талаар танилцуулга хийж, мэдээлэл өгсөн юм.

 

Тус арга хэмжээнд яам, агентлаг, судалгааны хүрээлэн болон төрийн байгууллагуудын 60 орчим төлөөлөл оролцож, мэдээлэл солилцохын зэрэгцээ харилцан санал, зөвлөмжөө хуваалцлаа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.