dobu.mndobu

Хахууль авсан албан тушаалтнуудыг 5 жилээр ажиллах эрхийг нь хасаж, 10 сая төгрөгөөр торгожээ

Хахууль авсан албан тушаалтнуудыг 5 жилээр ажиллах эрхийг нь хасаж, 10 сая төгрөгөөр торгожээ

Прокурорын байгууллага 2026 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэгтэй холбоотой яллах дүгнэлт үйлдсэн 50 хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Эдгээрээс эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан 37, хахууль авсан болон өгсөн 13 хэрэг байжээ.

Мөн Нийслэлийн прокурорын газраас 2026 оны гуравдугаар сарын 16-20-ны өдрүүдэд анхан шатны шүүхээр 16 хүнд холбогдох 4 хэргийг шийдвэрлүүлж, гэм буруутай этгээдүүдэд эрүүгийн хариуцлага оногдуулсан байна.

Тодруулбал, иргэн Д.Г нь Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот руу мод тээвэрлэхдээ хяналт шалгалтаас зайлсхийх зорилгоор нийтийн албан тушаалтнуудад нийт 3.2 сая төгрөгийн хахууль өгсөн нь тогтоогдож, шүүхээс түүнд нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасаж, 2.8 сая төгрөгөөр торгох ял оноожээ. Харин холбогдох албан тушаалтнуудыг таван жилээр нийтийн албанд ажиллах эрхийг нь хасаж, 10 сая төгрөгөөр торгосон байна.

Мөн бүртгэлийн байгууллагын ажилтан Э.Т нь иргэдийн иргэний үнэмлэхийг хууль бусаар гаргуулан авахад зуучилж, хахууль авсан хэрэгт буруутгагдан, уг хэрэгт холбогдсон нийт долоон хүнийг гэм буруутайд тооцож, хоёр жилээр нийтийн албанд ажиллах эрхийг нь хасаж, 2.7-6 сая төгрөгийн торгуулийн ял оногдуулжээ.

Түүнчлэн татварын байгууллагын албан тушаалтнууд бүлэглэн татварын ногдлыг бууруулж, өөрсдөдөө болон бусдад давуу байдал бий болгосон хэрэгт холбогдон, шүүхээс нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасаж, нэг жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулсан байна.

Прокурорын байгууллагаас авлигын гэмт хэрэгтэй тэмцэх, хариуцлага тооцох ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгааг онцоллоо.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.