0

Солонгост Филиппинээс шилжүүлэн авсан "олон улсын хар тамхины бүлэглэл"-ийн зартай гэмт хэрэгтэн Пак Ван Ёолыг өнөөдөр буюу 3 сарын 27-нд цагдан хорих захирамжийн сонсгол хийхээр болжээ.
Солонгосын цагдаа нар Пакийн хар тамхины гэмт хэрэгтэй холбоотой 236 хамсаатныг тогтоож, 42-ыг нь баривчилсан ч илүү олон хамсаатан байж магадгүй гэж үзэн, мөрдөн байцаалтыг өргөжүүлэхээр төлөвлөжээ.
Түүнийг Филиппиний шоронд хоригдож байхдаа Солонгос руу хар тамхи хууль бусаар хил нэвтрүүлж, тараасан хэрэгт сэжиглэж байна.
Пак 2024 онд Филиппин, Өмнөд Африкаас тус улсад 1.5 кг болон 3.1 кг метамфетамин импортолсон бөгөөд 2019 оны 11-р сараас 2020 оны хооронд Сөүл, Бусан, Дэгү хотуудад хамсаатнуудаараа дамжуулан зарсан нь илэрсэн.
Хамсаатнуудтай нь холбоотой мөрдөн байцаалтын үр дүнд үндэслэн цагдаагийнхан Пакийн хууль бусаар хил давуулан тараасан хар тамхины хэмжээ ойролцоогоор 3 тэрбум вонд хүрсэн гэж тооцоолжээ.
Пакийн хар тамхины гэмт хэрэгт 236 хамсаатан оролцсон нь тогтоогдсон бөгөөд үүнд дотоодын бүлэглэлийн толгойлогч, хууль бусаар хил давуулагчид, худалдан авагчид багтсан байна. Мөн мөрдөн байцаалтын явцад Пак Ван Ёл банкны хадгаламжаар, виртуал хөрөнгөөр төлбөрөө хүлээн авдаг байсан нь тогтоогдсон байна.
Өнөөдөр (27-нд) Хувийн мэдээллийг задруулах хяналтын хорооны хурлыг зохион байгуулж, Пакийн хувийн мэдээллийг задруулах эсэхийг шийдэхээр төлөвлөжээ.
ПАК ВАН ЁЛ ГЭЖ ХЭН БАЙВ
Далайн гаралтай бүтээгдэхүүн импортлох, түгээх "Ювентас" гэх компаниар халхавчлан хар тамхины бизнесээ эрхэлж байсан тэрбээр залилангийн хэрэг үйлдэж Филиппин улс руу оргон гарсан. Түүнийг Филиппинд амьдарч байхад нь Солонгосын IDS Holdings-тэй холбоотой санхүүгийн гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа Филиппин рүү зугтсан гурван Солонгос иргэн болох Пак, Шим, Мэн нарыг тус улсад орогнуулж мөрийтэй тоглоомын бизнес хамтран эрхэлж байжээ. Гэсэн хэдий ч тэрбээр ашгийн хуваарилалтын талаар тэдэнтэй зөрчилдөж, эцэст нь 2016 оны 10-р сарын 11-нд Пак, Шим, Мэн гэсэн гурван Солонгос иргэнийг буудаж хөнөөжээ.
Гэмт хэрэг үйлдээд 37 хоногийн турш зугтаж байсан Пак Ван Ёлыг 2016 оны 11-р сарын 17-нд баривчилж , Филиппинд хүн амины хэргээр шоронд хорьсон боловч 2017 оны 3-р сард буюу 4 сарын дараа оргосон байна. Түүнийг оргосон гэдэг боловч тэрбээр шоронгийн харгалзагч нарыг хахуульдаж шоронгоос оргожээ.
2017 оны зургаадугаар сард буюу гурван сарын дараа түүнийг Филиппиний хойд хэсэгт байрлах нэгэн орон сууцанд их хэмжээний хар тамхитай баривчилсан.
Хоёр жилийн дараа буюу 2019 оны 10-р сарын 16-нд тэрбээр хоёр дахь орголтоо хийж, хар тамхины бизнесээ хийж байгаад нэг жилийн дараа буюу 2020 оны 10-р сарын 28-нд нутгийн Филиппин иргэний мэдээллээр баригджээ.
Тэрбээр 60 жилийн хорих ял авч, Филиппинд ялаа эдэлж байв. 2023 оны 11-р сард түүнийг шоронд тансаг амьдралаар амьдарч байгаа тухай мэдээлэл гарч байжээ.
Тэрбээр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа хэрэв би амаа нээвэл Солонгосын хэд хэдэн прокурор ажлаасаа халагдана гэж байсан байна. Мөн тэрбээр хуулийг үл тоомсорлож, айдасгүй ханддаг, түүний дотор гэмт хэргээ илчилж байхдаа Солонгос руу шилжүүлэн өгөхийг байнга шаардаж байжээ.
Солонгосын Хууль зүйн яам Филиппиний эрх баригчдаас түүнийг шилжүүлэн өгөхийг хатуу шаардсан бөгөөд 2026 оны 3-р сарын 4-нд Филиппинд болсон дээд хэмжээний уулзалтын дараа БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён Пак Ван Ёлыг авахаар тохиролцсоноо албан ёсоор зарласан юм.
Түүнийг эцэст нь 2026 оны 3-р сарын 25-нд Өмнөд Солонгост шилжүүлэн авсан ба өглөөний 07:16 цагийн орчимд Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд дээр түүнийг хүлээж байсан олон сурвалжлагчдын асуултад хариулаагүй чимээгүй байсан ч өмнө нь шоронд түүнтэй ярилцлага хийж байсан цагдаагийн газрын дарга Чой Кван Илтай харц тулгарахдаа түүн рүү хуруугаараа чичлэн "Чи эр хүн ч биш шүү дээ" гэж хэлсэн.
Солонгосын Хуулийнхны үзэж байгаагаар түүнд бүх насаар нь хорих ял эсвэл цаазаар авах ял оноох магадлал өндөр байна гэжээ.
Солонгосын Эрүүгийн хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу гадаадад ял эдэлсэн хугацааг дотоодын ялд заавал оруулах ёстой гэж заасан байдаг байна. Гэсэн хэдий ч энэ нь Пак Ван Ёолын хувьд магадлал багатай юм. Тэрбээр гурван хүний аминд хүрсэн, хар тамхины гэмт хэрэгт холбогдсон тул бүх насаар нь хорих ял эсвэл цаазаар авах ял оноох боломжтой.
Солонгосын засгийн газар Филиппинээс Пак Ван Ёолыг түр хугацаагаар шилжүүлэх статустай авсан тул түүнийг цагдан хорих эрх, ажиллагаа нь хараахан Солонгос улсад бүрэн шилжүүлээгүй байгаа юм.
Солонгост мөрдөн байцаалт, шүүх хурал дууссаны дараа Пак Ван Ёол ялынхаа үлдсэн хугацааг эдлэхийн тулд Филиппиний шоронд буцаж очих ёстой. Дараа нь түүнийг эх оронд нь буцаах үйл явц болох бөгөөд 60 жилийн ялтай тул Солонгост буцаж ирэхэд 100-аас дээш настай ахмад настан болсон байна. Түүнчлэн, Солонгосын засгийн газар Пак Ван Ёлыг түр хугацаагаар шилжүүлэн авах хугацааг сунгах талаар Филиппиний засгийн газартай тохиролцох ажээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.