dobu.mndobu

“Инновац, техник технологи болон үйлдвэрлэл, бизнесийн салбарт” хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав

“Инновац, техник технологи болон үйлдвэрлэл, бизнесийн салбарт” хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд зохион байгуулагдаж буй “Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж” сэдэвт долоо хоногийн хүрээнд өнөөдөр /2026.04.03/ эрчим хүч, аж үйлдвэр, уул уурхайн салбарын “Судалгаанаас бизнес рүү” төслүүдийн танилцуулга, хөрөнгө оруулалтын арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Арга хэмжээг нээж Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл хэлсэн үгэндээ Шинжлэх ухаан, технологид суурилсан хөгжил нь улс орны өрсөлдөх чадвар, үндэсний аюулгүй байдлын чухал үндэс болохыг онцолж, судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх шаардлагатайг дурдав. Мөн эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлснээр инновацыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж нэмэгдэнэ хэмээн онцоллоо.

Арга хэмжээний үеэр аж үйлдвэрийн салбарын хүрээнд “ABC ангиллын шинэчилсэн найрлага бүхий гал унтраагч хуурай бодис үйлдвэрлэх технологи”, “Фосфорын эрдэс бордоо үйлдвэрлэх технологи”, “Аккумулятор угсрах үйлдвэрлэлийн технологи”, “Арьс ширний үйлдвэрлэлд ашиглах протеаза ферментийн идэвхтэй бактерийн бэлдмэл” зэрэг төслүүдийг танилцуулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж, зах зээлийн хэрэгцээ, эдийн засгийн үр өгөөжийн талаар хэлэлцэв.

Үргэлжлүүлэн эрчим хүчний салбарт “Дулааны хуримтлуур бүхий нарны эрчим хүчтэй хосолсон халаалтын систем”, “Бага, дунд оврын цэвэрлэх байгууламж байгуулах болон хуримтлагдсан лаг боловсруулах технологи” төслүүдийг танилцуулж, дотоодын нөхцөлд тохирсон, байгальд ээлтэй шийдлүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Түүнчлэн уул уурхайн салбарт Арга хэмжээний үеэр уул уурхайн салбарт “Газрын ховор элементийн хүдрийг баяжуулах, баяжмалыг боловсруулах нийлмэл исэл гарган авах технологи”, “Хүхрийн агууламж багатай төмрийн хүдрийн баяжмал гарган авах технологи”, “Манганы хүдрийг баяжуулах үйлдвэрийн технологи”, “Молибдений баяжмалыг цэвэршүүлж, молибдений дисульфид гарган авах технологи”, “Уул уурхай, олборлох, баяжуулах үйлдвэр болон бусад байгууллагын үйл ажиллагааны оновчлолын математик загвар” зэрэг төслүүдийг танилцуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг онцоллоо.

Хүрээлэн буй орчны чиглэлээр “Монгол орны загийн ойг тарьж ургуулах, нөхөн сэргээх технологи”, “ЭМ-5 био бэлдмэл”, “Орчны мониторингийн төхөөрөмж нийлүүлэх”, “Эртний амьтан, ургамлын олдворын хуулбар хийх үйлдвэрлэл”, “Хөрсний бохирдлыг ургамлаар бууруулах технологи”, “Био-Дендро био бэлдмэл” зэрэг төслүүдийг танилцуулж, байгальд ээлтэй шийдлүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийг хэлэлцэв. Төслүүдийн танилцуулга нь бодит хэрэгжилтийн шатанд ойртсон, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой технологи, шийдлүүдэд тулгуурласнаараа онцлог байсан юм.

Нийт дөрвөн өдөр үргэлжилсэн энэхүү арга хэмжээ нь шинжлэх ухаан, технологийн салбарыг хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудтай холбосон чухал арга хэмжээ болсон бөгөөд нийт 47 үйлдвэрлэлд бэлэн судалгааны үр дүн танилцуулагдаж, хувийн хэвшлийн 150 гаруй төлөөлөл оролцлоо.  Арга хэмжээний төгсөлд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхамжав, ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл нар хамтран ажиллах гэрээг үзэглэсэн ба талууд ирэх гурван жилийн хугацаанд инновац, техник технологи болон үйлдвэрлэл, бизнесийн салбарт хүчээ нэгтгэхээр албан ёсоор тохиролцов. Энхүү үйл явц нь Монгол эрдэмтдийн оюуны хөдөлмөрийн үр дүн эдийн засгийн эргэлтэд орох нэг гарцыг нээлээ хэмээн арга хэмжээг хааж хэлсэн үгэндээ Эдийн засаг, хөгжлийн яамны Бизнесийн орчны бодлогын газрын дарга Л.Балчинлувсан онцоллоо.

Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарт хийгдэж буй судалгаа, хөгжүүлэлтийн ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, шинжлэх ухаан, технологийн салбарын дэлхийн болон бүс нутгийн инновацын үйл явц, үндэсний эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмэрийг нэмэгдүүлэх зорилго бүхий тус арга хэмжээ нь нэг удаагийн чанартай биш бөгөөд цаашид цахим байдлаар мөн үргэлжлэн төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин ажиллах юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.