dobu.mndobu

Б.Сэргэлэнбаатарын зүтгэл нь “Цүнхний компани”-даа авсан 197 тэрбумын тендер гэв үү

0

НийтлэлчAdmin

Огноо2026-04-07

Б.Сэргэлэнбаатарын зүтгэл нь “Цүнхний компани”-даа авсан 197 тэрбумын тендер гэв үү

Улсын аварга бөх Д.Сумъяабазарыг дагаж улс төрд хөл тавьсан НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах акц зохион байгуулж, өөрийн албан бланк дээр гарын үсэг цуглуулж эхэлсэн мэдээлэл бий. Б.Сэргэлэнбаатарыг өргөж тэтгэсэн Д.Сумъяабазар эзэн нь өнөөдөр албан тушаалын хувьд сэтэр ч үгүй, сэтэрхий тэвнэ ч үгүй байгаа учраас Хотын дарга Х.Нямбаатарын улаан хамгаалагч болчихсон, Нутгийн өөрөө удирдах байгууллагыг дунд нь хагалж, өөрийг нь өргөж зүтгэж, Хотын хуралд суулгасан нийслэлчүүдийнхээ өөдөөс ус цацаж явна. 

Учир нь А.Баяр дарга нь Хотын дарга Х.Нямбаатарын хэрэгжүүлж эхэлсэн Туулын хурдны замын төслийг эсэргүүцэгчдийн нэг. Харин албан тушаалын бялуу хүртсэн МАН-ын төлөөлөгчид Засаг даргадаа базуулчихсан учраас Туулын хурдны замын төслийг дэмжиж байгаа. Арга ч үгүй, зөвхөн иргэдээ төлөөлж байх учиртай НИТХ-ын төлөөлөгчид нь Хотын даргын зөвлөхөөс эхлээд газар, агентлагийн дарга, төсөл хариуцсан удирдагч, төрийн өмчит үйлдвэрийн газруудад давхар ажиллаж, нийслэлийн иргэдээ бус хотын даргаа өмгөөлж суудаг болжээ. 

Уг нь иргэд нь ундны усны ганц эх үүсвэр болсон Туул голоо хамгаалан тэмцэл эхлүүлээд хаврын сарыг бараглаж байна. Улс төрд хэн нэгнээ, баг фракцаа дэмжих нь байдаг асуудал. Гагцхүү өөрсдийг нь сонгосон нийслэлчүүд хаврын сарыг өртөөлөн, Туул голоо хамгаалахаар тэмцэж байхад нэг ч Төлөөлөгч гарч ирээд иргэдийнхээ талд байр сууриа илэрхийлсэнгүй. 

Нэг мэдээлэл бий. Б.Сэргэлэнбаатарын Х.Нямбаатарыг дэмжих болсон шалтгаан нь Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын хоёрдугаар багцын тендерт түүний хувь эзэмшдэг “Професионалстрой” компани шалгарч, 197 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байж болзошгүй гэх. Гэхдээ албан бус мэдээлэл. 

Хамгийн гол нь “Професионалстрой” нь урьд өмнө тендерт ялж байгаагүй бөгөөд нэг ч тоосго өрж, хашаа ч хатгаж үзээгүй компани байх магадлалтайг нийслэлүүд дэлгэх болов. Ер нь бол “Професионалстрой” нь Б.Сэргэлэнбаатарын “Цүнхний компани” байж болзошгүйг нийслэлчүүд нягталж эхэлсэн нь сайн хэрэг. Наад зах нь гэхэд “Професионалстрой” компани нь албан ёсны хаяг дээрээ үйл ажиллагаа явуулдаггүйг ч судалж амжжээ. Ингээд иргэд нягтлаад зам мөрөөр нь хууль хүчний байгууллага шалгаад эхлэхээр ус тос нь ялгарч таарна. 

Нийслэлчүүдийн албан бус мэдээллээс харахад Б.Сэргэлэнбаатарын нэг ч ажлын түүх байхгүй “Цүнхний компани”-д нь 200 шахам тэрбум төгрөгийн тендер өгчихөөр Х.Нямбаатарын төлөө зүтгэж, дохио зангаагаар хөдлөх нь тодорхой. Ёстой л “Далласан газар нь далд орж, далайсан газар нь ил гарч ирнэ” биз дээ. 

Б.Сэргэлэнбаатарт НИТХ-ын дарга огцруулах, Нутгийн өөрөө удирдах байгууллагыг хагаралдуулах бол юу ч биш. Монгол Улсын хүн амын тал хувь нь амьдардаг Улаанбаатарын ундны ус ч хамаагүй зүтгэж байна. Үүнийг бид биш мэргэжлийн судлаачид, албан ёсны байгууллагууд аль эрт хэлээд эхэлсэн. 


С.Данзан 


 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.