dobu.mndobu

“Олон улсын туршлага солилцох бизнес эрхлэгчдийн өдөрлөг” болж өндөрлөв

“Олон улсын туршлага солилцох бизнес эрхлэгчдийн өдөрлөг” болж өндөрлөв

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” сэдэвт долоо хоногийн арга хэмжээний хүрээнд өнөөдөр /2026.04.07/ “Олон улсын туршлага солилцох бизнес эрхлэгчдийн өдөрлөг”-ийг амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд “Монгол Улсын бизнес эрхлэгчдийн гадаад зах зээлд нэвтэрсэн туршлага” сэдвийн хэлэлцүүлэг өрнөж, үндэсний компаниудын гадаад зах зээлд нэвтрэхэд тулгарч буй сорилт, боломж, бодлогын дэмжлэгийн талаар санал солилцов. Тус хэлэлцүүлгээр хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах олон улсын сайн туршлага болон Монголын компаниудын бодит кейсүүдийг нэгтгэн танилцуулж, АНУ, Филиппин зэрэг зах зээлд нэвтэрсэн туршлага, мөн Ойрх Дорнод болон Азийн орнуудад мах, махан бүтээгдэхүүн экспортлох чиглэлд гарч буй ахиц, цаашдын зорилтыг онцоллоо.

 

Хэлэлцүүлэгт “Мах Импекс” ХК, “Сэндли ББСБ ХК”, “Chiqu Lending Corporation” зэрэг аж ахуйн нэгжүүд оролцож, гадаад зах зээлд нэвтрэх үйл явц, тулгарсан хүндрэл бэрхшээл, амжилтын туршлагаа хуваалцав.

“Олон улсын туршлага ба хөрөнгө оруулалтын боломж” сэдвийн хүрээнд олон улсын хөрөнгө оруулалтын бодлого, туршлага болон Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр БНСУ болон бусад улсын жишээн дээр хөрөнгө оруулалт татах бодлого, ODA (Official Development Assistance) төслүүдийн хэрэгжилтийн сорилт, үр нөлөө, тогтвортой байдлын асуудлыг хөндөн ярилцлаа. Тодруулбал, БНСУ-ын Инженер, технологийн их сургуулийн профессор, доктор Хян Дун Хүн Вьетнам Улсын 2026–2030 оны хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийн туршлагыг танилцуулсан бол БНСУ-ын Машин, материал судлалын хүрээлэнгийн ахлах судлаач, доктор И Дэ Хүн ODA төслүүдийн хэрэгжилтийн сорилт, үр нөлөө, тогтвортой байдлыг хангах боломжийн талаар илтгэл тавьсан юм

 

Түүнчлэн Монгол Улсад хагас дамжуулагчийн салбарыг хөгжүүлэх бодлого, хөрөнгө оруулалтын хэрэгцээ, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг гадаадын хөрөнгө оруулагчдыг татах чухал хүчин зүйл болох талаар оролцогчид санал солилцож, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад олон улсын сайн туршлагыг нутагшуулах боломжийг тодорхойлов.

Арга хэмжээний төгсгөлд “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах бодлогын орчин” сэдэвт панел хэлэлцүүлэг болж, төр, хувийн хэвшил болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцов. Хэлэлцүүлэгт “Сэндли ББСБ ХК”-Э.Ертөнц, “Chiqu Lending Corporation”-С.Отгонбат, “Ulzii & Co Capital ҮЦК”-Б.Өлзийбаяр, “Мах Импекс” ХК-П.Амартайван, Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Мөнх-Эрдэнэ, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга Т.Баясгалан нар оролцож, бодит туршлагад тулгуурласан санал, шийдлүүдийг дэвшүүлэв.

Тус хэлэлцүүлгээр хөрөнгө оруулалтын орчны эрх зүйн зохицуулалт, санхүүгийн зах зээлийн хөгжил, гадаад зах зээлд нэвтрэхэд тулгарч буй бодлогын саад бэрхшээл, цаашдын хамтын ажиллагааны боломжийг цогцоор нь авч үзэж, харилцан санал солилцлоо.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.