0

Өмнөд Солонгосын олон ангит киноны түүхэнд онцгой байр суурь эзэлдэг Эхнэрийн урхи цуврал нь монгол үзэгчдийн дунд үе дамжин хайрлагдсан бүтээл билээ. Тус киноны Шин Э Ригийн дүрийг бүтээсэн Ким Со-хён нь хүчтэй харизм, гүн дүр бүтээлээрээ олны танил болсон юм.
Тэрбээр 1973 оны 10-р сарын 28-нд Ганвон-до Ганнён хотод төрж, эгэл жирийн айлд өсөж хүмүүжсэн байна. Багаасаа дуу цөөтэй, дотогшоо зан чанартай байсан нь хожим дэлгэцийн бүтээлүүдэд илэрч, нүдний харцаараа сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг өвөрмөц жүжиглэлтэд нь нөлөөлжээ. 1992 онд Miss Gangwon тэмцээнд оролцож, 1994 онд KBS телевизийн жүжигчний шалгаруулалтад тэнцэж уран бүтээлийн замналаа эхлүүлсэн байна.
Карьерын эхний жилүүдэд тэрбээр олон ангит болон өдрийн цувралуудад туслах дүрүүдийг бүтээж, удаан хугацаанд анзаарагдалгүй хөдөлмөрлөсөн ч шантраагүй. 2003 онд Sweet Sex and Love кинонд тоглож анхны томоохон анхаарлыг татсан бол 2004 онд Парисын дурлалууд драмд оролцсоноор үзэгчдэд танигдаж эхэлжээ.
Харин 2008 онд Эхнэрийн урхи цувралд бүтээсэн Шин Э Ригийн дүр нь түүний амьдралын хамгийн том эргэлт болж, улс даяар алдаршуулсан юм. Ким Со-хён энэ дүрийн талаар “зүгээр нэг муу эмэгтэй биш, харин хүний дотоод айдас, хүсэл шунал, амьд үлдэх тэмцлийг илэрхийлсэн дүр” хэмээн харж бүтээсэн тухайгаа дурдсан байдаг. Тиймээс үзэгчдэд үзэн ядагдахуйц хэрнээ бодит, сэтгэлзүйн үндэслэлтэй дүр болсон нь түүний жүжиглэлийн онцлог байв. Мөн хүмүүс гудамжинд хүртэл түүнийг нэрээр нь бус “Шин Э Ри” гэж дуудах болсон нь уг дүр үзэгчдэд ямар хүчтэй нөлөөлснийг илтгэнэ гэж тэр үзэж байжээ.
Үүний дараа тэрбээр Late Spring кинонд тоглож олон улсын наадмаас шагнал хүртэж, The Villainess киногоор Каннын кино наадамд хүрч, олон улсын тавцанд үнэлэгдсэн юм.
2018 онд Sky Castle цувралд Ким Жү Ён буюу “Coach Kim” дүрийг бүтээсэн нь түүний карьерын дахин нэг оргил болсон. Энэхүү дүр нь хатуу, хүйтэн, сэтгэлзүйн дарамтаар хүүхдүүдийг амжилтад хүргэдэг багшийн дүр бөгөөд Солонгосын боловсролын системийн сүүдэр талыг тод харуулсан юм. Тэрбээр энэ дүрийн талаар “дүрийг бүтээх явц маш хүнд байсан, би их ганцаардлыг мэдэрч, заримдаа уйлдаг байсан” хэмээн хуваалцсан нь бий.
Энэхүү киноны дараа түүний өвөрмөц төрх, хүйтэн харизм, уламжлалт эмэгтэйлэг дүр төрхөөс ангид имижтэй холбоотойгоор зарим үед олон нийтийн дунд түүнийг трансжендер хэмээн буруу ойлгож, ийнхүү дууддаг байсан үе бий. Ялангуяа Kim Seo-hyung-ийн бүтээсэн хүчтэй, сэтгэлзүйн гүнзгий, заримдаа эрэгтэйлэг өнгө аястай дүрүүд нь ийм цуурхал гарахад нөлөөлсөн гэж үздэг. Гэвч энэ нь албан ёсны бодит мэдээлэл биш бөгөөд тэрбээр өөрийн уран бүтээл, дүрийн онцлогоороо ялгарч чадсан жүжигчин юм.
Үүний дараа 2020 онд Nobody Knows драмд мөрдөгчийн дүрийг бүтээж, 2021 оны Mine цувралд дотоод зөрчилтэй, нийгмийн дарамттай тэмцэх эмэгтэйн дүрийг гаргасан. Мөн 2022 онд Recipe for Farewell цувралд тоглож, хүнд өвчинтэй тэмцэж буй эмэгтэйн сэтгэлзүйн гүн мэдрэмжийг үзэгчдэд хүргэсэн юм. Түүнчлэн Vinyl House кинонд бүтээсэн дүрээрээ олон улсын кино наадмуудаас шагнал хүртэж, жүжигчний ур чадвараа дахин баталсан.
Түүний амьдралд бага насны гэр бүлийн бэрхшээл, ганцаардал байсан ч тэр бүхнийг даван туулж, өнөөдрийг хүртэл тасралтгүй уран бүтээл туурвиж байна. Ким Со-хёны замнал нь тэсвэр тэвчээр, дотоод хүч, дүр бүрийн цаана хүний сэтгэлзүйг гүнзгий гаргаж чаддаг уран бүтээлчийн тод жишээ хэвээр байна.
Ким Со-хёны гэр бүлийн тухай мэдээлэл ихэнхдээ хязгаарлагдмал, учир нь тэр өөрийн хувийн амьдралаа маш их нууцалдаг жүжигчин юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.