0

Улаанбаатар хот, 2026 оны 4-р сарын 15. Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар өнөөдөр “Улаанбаатар хотод нарны эрчим хүчээр ажиллах цахилгаан автомашины цэнэглэх станцуудыг байгуулах” төслийн баримт бичигт гарын үсэг зурж, тус төслийг албан ёсоор эхлүүллээ. Энэхүү төсөл нь нийслэл хотод нүүрс төрөгчийн хийн ялгаруулалт багатай, ногоон тээврийн хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын төвлөрөл ихтэй сонгогдсон талбайд нарны эрчим хүчтэй хосолсон цахилгаан автомашины (EV) цэнэглэх станцуудыг туршилтаар байгуулна.
Улаанбаатар хотод агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгаралд нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг бол тээврийн хэрэгслийн утаа ялгаруулалт, түүний хурдацтай өсөлт юм. Үүний зэрэгцээ дэлхийн геополитикийн тодорхойгүй байдал, түлшний зах зээлийн савлагаа нь импортын нефтийн бүтээгдэхүүнээс хамаарах эрсдэлийг нэмэгдүүлж, хотын эрчим хүч, тээврийн шийдлийг төрөлжүүлэх шаардлагыг улам тодотгож байна. Монгол Улс цахилгаан автомашины хэрэглээг дэмжиж байгаа ч найдвартай, сэргээгдэх эх үүсвэрт суурилсан цэнэглэх дэд бүтцийн хүртээмж хангалтгүй хэвээр байна.
Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын нөхцөл байдал, уур амьсгалд тохирсон нарны эрчим хүчээр ажиллах цэнэглэгч шийдлийг туршиж нэвтрүүлэх юм. Нарны цахилгаан үүсгүүр, батерей хуримтлуур, цэнэглэх төхөөрөмжийг хослуулан суурилуулснаар саарал эрчим хүчнээс хамаарах хамаарлыг бууруулж, хүлэмжийн хийн ялгарал багатай цэнэглэх дэд бүтцийг бий болгох замаар цахилгаан тээврийн хэрэглээг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин хэлэхдээ: “Цахилгаан автомашины цэнэглэх дэд бүтцийг хөгжүүлэх нь агаарын чанарыг сайжруулах, иргэдийн амьдрах орчныг эрүүл, аюулгүй болгоход чухал ач холбогдолтой. Энэхүү хамтын ажиллагаа нь хотын урт хугацааны хөгжлийн зорилттой нийцэж, ногоон тээврийн шийдлийг эрчимжүүлэхэд дэмжиж байна” гэв.
Төсөл нь Монгол Улсын бодлогын баримт бичгүүд, уур амьсгалын зорилтууд, мөн цахилгаан автомашины хэрэглээ, цэнэглэх дэд бүтцийг улс даяар өргөжүүлэх Засгийн газрын төлөвлөгөөтэй нягт уялдаж байна. Туршилтын цэнэглэх станцуудыг байгуулахаас гадна ашиглалт, засвар үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, олон нийтэд чиглэсэн мэдээлэл, нөлөөллийн ажлуудыг мөн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Нарны эрчим хүчээр ажиллах цэнэглэх станцуудыг туршсанаар цаашид Улаанбаатар хот болон бусад бүс нутагт тээврийн салбарыг илүү тогтвортой хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
НҮБХХ-ийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Матилда Димовска хэлэхдээ: “Нарны эрчим хүчээр ажиллах цахилгаан автомашины цэнэглэх дэд бүтцийг туршиж нэвтрүүлэх энэхүү төсөл нь уур амьсгалын өөрчлөлт, олон нийтийн эрүүл мэнд, хотын хөгжлийг уялдуулж, бодлогын бодит хэрэгжилтэд хувь нэмэр оруулах ач холбогдолтой” хэмээн онцоллоо.
НҮБХХ-ийн тухай
НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.