dobu.mndobu

ХЭҮК: “Хотула” аппликейшн хүний хувийн мэдээлэл хамгаалах шаардлагыг хангахгүй гэж дүгнэв

ХЭҮК: “Хотула” аппликейшн хүний хувийн мэдээлэл хамгаалах шаардлагыг хангахгүй гэж дүгнэв

Цахим шилжилт, хиймэл оюун ухаанд суурилсан үйлчилгээ, аппликейшн болон цахим бүртгэлийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хүний хувийн мэдээлэл хамгаалах асуудал улам чухал болж байгааг Хүний эрхийн үндэсний комисс анхаарууллаа.

ХЭҮК-ын гишүүн Г. Нарантуяагийн мэдээлснээр “Хотула” аппликейшн нь Монгол Улсын иргэдийн халдашгүй байх, хувийн нууцаа хамгаалах эрх болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй гэж үзэн шалгалт хийжээ.

Мөн 2026 оны хоёрдугаар сард нэгэн намын цахим хуудсаар иргэдийн хувийн мэдээлэл ил болсон гэх гомдол, мэдээллийн дагуу “Хотула” аппликейшнд хамаарах шалгалтыг өргөжүүлэн хийсэн байна.

Тэрбээр 2026 оны нэгдүгээр сарын 23-нд холбогдох байгууллагаас тайлбар авах хүсэлт хүргүүлсэн боловч хариу ирээгүй тул комисс өөрийн хийсэн технологийн туршилт, нээлттэй мэдээлэл болон үйлчилгээний нөхцөлд үндэслэн дүгнэлт гаргасан гэжээ.

ХЭҮК-ын дүгнэлтэд “Хотула” аппликейшний хэрэглэгчийг бүртгэх, танин баталгаажуулах процесс нь мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад баримтлах хууль ёсны зарчим, тухайлбал зөвшөөрөл авах болон хуульд нийцсэн үндэслэлтэй байх шаардлагыг хангахгүй байж болзошгүй гэж үзсэн байна.

Мөн тус аппликейшн нь хэрэглэгчдийг бүртгэхдээ ДАН систем, ХАМОГА ID зэрэг нэгдсэн танилт нэвтрэлтийн системүүд болон нүүр царай таних технологийг ашиглаж байгаа нь олон шатны баталгаажуулалт шаарддаг бөгөөд тус бүр нь хувийн мэдээлэл хамгаалах стандартын дагуу хэрэгжих ёстойг онцолсон байна.

Түүнчлэн хэрэглэгчээс ажил эрхлэлт, албан тушаал, орлого, орлогын эх үүсвэр зэрэг өргөн хүрээний мэдээлэл авах нь аппликейшний үндсэн зорилгоос хэтэрч байна гэж ХЭҮК үзжээ.

Нүүр царай таних зорилгоор иргэний үнэмлэхийн зураг ашиглах нь биометрик мэдээлэлд хамаарах тул тусгай хамгаалалт, үнэлгээ шаардлагатайг мөн дурдсан байна.

Иймд ХЭҮК “Хотула” аппликейшнийг зогсоох арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлж, 30 хоногийн хугацаатай шаардлага өгсөн байна.

Мөн “Таванбогд Нура” компанийн эмнэлгийн мэдээллийн систем нь хүний эрхийн хувьд өндөр эрсдэлтэй байж болзошгүй бөгөөд хэрэглэгчийн мэдээллийн хамгаалалт, бэлтгэл хангалт тодорхойгүй байгааг ХЭҮК анхааруулжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.