dobu.mndobu

Залуу офицеруудын хөгжлийн жилийн нээлтийн арга хэмжээ боллоо

Залуу офицеруудын хөгжлийн жилийн нээлтийн арга хэмжээ боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх 2026 оныг “Залуу офицеруудын хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2026.04.17/ зохион байгуулагдлаа.

Арга хэмжээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, залуу офицеруудын төлөөлөл оролцож, салбарын хүний нөөцийн бодлого, хөгжлийн чиг хандлага, хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийг танилцуулав. 

Өнөөдрийн байдлаар эдгээр байгууллагын нийт бүрэлдэхүүний 38 гаруй хувийг дэслэгчээс хошууч хүртэлх цолтой залуу офицерууд эзэлж байгаа бөгөөд тэдний 60 орчим хувь нь орон нутагт үүрэг гүйцэтгэж байна.

“Залуу офицеруудын хөгжлийн жил”-ийн хүрээнд алба хаагчдын нийгмийн баталгаа, ажиллах орчныг сайжруулах, тогтвортой байдлыг хангах зорилгоор 50 гаруй арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд мэргэжлийн ур чадвар, гадаад хэл, манлайллыг хөгжүүлэх, гадаад дотоодын сургалтыг нэмэгдүүлэх, орон нутагт ажиллаж буй алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, гэр бүлийг дэмжих бодлого хэрэгжүүлэх зэрэг багтаж байна.

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад өмнөх жилүүдэд 2023 оныг “Залуу офицерын жил”, 2024 оныг “Ахлагчийн жил”, 2025 оныг “Ахлах офицерын жил” болгон зарлаж байсан бөгөөд энэ удаагийн хөгжлийн жил нь залуу боловсон хүчнийг чадавхжуулах, ирээдүйн манлайлагчдыг бэлтгэхэд чиглэж буйгаараа онцлог юм.

Энэхүү санаачилга нь батлан хамгаалах салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангах, үндэсний аюулгүй байдлын чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.