0

Иргэн Т.Алтангэрэл өнгөрөгч дөрөвдүгээр сарын 8-нд УИХ-ын нийтийн өргөдлийн d-parliament цахим системд усны хуулиа залруулж, "Хатан туул"-аа хамгаалъя хэмээн өргөдөл гаргажээ.
Өргөдлийг одоогоор 4539 хүн дэмжиж, гарын үсэг зураад байна.
Тодруулбал, Тэрбээр "Монголчууд бид эртнээс гол усаа хайрлан хамгаалж, цагаан сүүгээ ч дусаахаас цээрлэдэг саруул ухаант ард түмэн билээ. Гэтэл нийслэл хотын түгжрэлийг бууруулах нэрийдлээр Туул голын голдирол дээр хурдны зам барихаар болсон нь байгаль экологийн тэнцвэрийг алдагдуулж, ундны усны эх үүсвэрийг тасалдуулан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд аж төрөх эрхийг хожим залруулах боломжгүйгээр ноцтойгоор хөндөж байна.
Өвөг дээдсийн үеэсээ “Хатан Туул” хэмээн дээдлэн ундаалж ирсэн Туул голынхоо бургасыг нь огтолж, хөрсийг нь сэндийлж байгаа энэхүү хөнөөлт халдлагын эхлэл нь Усны тухай хуулийг 2025 онд гэнэт өөрчлөн суурь үзэл баримтлал, зохицуулалтыг нь гажуудуулснаар тавигдсан. Тодруулбал, тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д гол, нуур, цөөрөм, горхи, булаг шанд, рашаан зэрэг усны нөөцийг хамгаалан эргээс нь 50 метрийн дотогш зайд аливаа үйл ажиллагаа, түүний дотор барилга байгууламж барих, мал угаах, мод огтлох, элс, хайрга, чулуу авах зэргийг хатуу хориглодог. Гэтэл Улсын Их Хурал 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хуулийн дээрх хоригийг нэн яаралтай горимоор өөрчилж, “төр, хувийн хэвшлийн түншлэл” нэрийн дор хамгаалалтын бүсэд барилга, байгууламж, авто зам, төмөр зам, замын байгууламж, инженерийн шугам сүлжээ зэргийг барьж байгуулахыг нь нээж өгчээ.
Хуулийн энэ алдаа завхрал зөвхөн Туул голоор хязгаарлагдахгүй нь ноцтой юм. Учир нь Усны тухай хуулийн хориг үгүй болсноор Монгол орны бүхий л нуур, цөөрөм, гол мөрөн, горхи, булаг, шанд, рашаан, мөсөн гол зэрэгт дураар халдах ижил аюул нүүрлээд байна. Иймд энэ алдаагаа УИХ өөрөө яаралтай залруулж, Усны тухай хуулийн дээрх хамгаалалтын бүс дэх хоригийг буцаан сэргээхгүй бол дараагийн ээлжинд Хөвсгөл, Увс, Буйр зэрэг нуур, Орхон, Сэлэнгэ зэрэг гол мөрөнд “төр хувийн хэвшлийн түншлэл”-ээр төмөр зам ч баригдах, байгальд дур зоргоор халдах аюул бий болоод байна. Монгол орны чандмань эрдэнэ болсон гол мөрөн, нуур цөөрөм, рашаан усаа хамгаалж, хуулийн энэ гажуудлыг залруулахад иргэд та бүхнийг нэгдэхийг уриалж байна" хэмээсэн байгаа юм.
Өргөдөлд гарын үсэг зурах хугацаа дуусахад 19 өдөр үлдсэн бөгөөд энэ хугацаанд 100 мянган иргэн дэмжиж гарын үсэг зурвал уг асуудлаар Ажлын хэсэг байгуулан, УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм. ЭНД ДАРЖ гарын үсэг зурах боломжтой.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.