0

“Туулын хурдны зам” болон “Тойрог хурдны зам” төслүүд нь Улаанбаатар хотын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан, үе шаттай хэрэгжих томоохон бүтээн байгуулалтууд юм. Эдгээр нь “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд багтсан байна.
Төслийн хүрээнд 2014-2015 онд 36 км урттай, дөрвөн эгнээ бүхий авто зам, гүүрийн зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, суурь судалгааг хийжээ.
.png)
Судалгаагаар “Туулын хурдны зам” баригдсанаар Баянбүрдийн тойрог, Баруун 4 зам, Нарны гүүр, Олимпийн гудамж, Их Монголын гудамж, Нарны зам, Чингисийн өргөн чөлөө, Яармагийн гүүр, Энхтайваны өргөн чөлөө зэрэг голлох замуудын хөдөлгөөний ачаалал 5–30 хувиар буурах боломжтой гэж үзсэн байна.
Мөн хотын 1, 2 дугаар тойрог замын төслүүд хэрэгжсэнээр замын сүлжээний ачаалал 7–33 хувиар буурч, түгжрэлийг мэдэгдэхүйц бууруулах ач холбогдолтой аж.
Төслийн трасс нь Наадамчдын гүүр, Яармаг, Зайсан, Маршалын гүүр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчмыг дамжин Туул голын голдирлыг дайран өнгөрөхөөр төлөвлөгджээ. Мөн нийт 621 төмөр бетон суурь барих бөгөөд ойролцоогоор 1.9 га талбайг хамрах бол суурьшлын бүсэд 26 га орчим газар хамрагдах тооцоо гарсан байна.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын багтаамж нэмэгдэж, түгжрэлийг бууруулах, иргэдийн зорчих хугацааг хэмнэх, хотын хөгжлийг дэмжих стратегийн ач холбогдолтой гэж үзэж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.