dobu.mndobu

НИТХ-ын МАН-ын бүлэг “Туул голоо аваръя” хөдөлгөөний тогтоолийн төслийг буцаан татжээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-04-27

НИТХ-ын МАН-ын бүлэг  “Туул голоо аваръя” хөдөлгөөний тогтоолийн төслийг буцаан татжээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өнөөөдөр хуралдах ёстой байв. Гэвч НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс “Туул голоо аваръя” хөдөлгөөн өрнүүлэх тогтоолын төслийг хэлэлцэх асуудлын дарааллаас хасах хүсэлт гаргасан тул өнөөдрийн хуралдаан тодорхойгүй хугацаагаар түр хойшлоод байна. 

Тодруулбал, АН-ын бүлэг шаардлагадаа Ээлжит VII хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн зарим асуудал нь нийгэмд маргаан дагуулж, иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад буйг онцлоод, “Туул голоо аваръя” хөдөлгөөн, “Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой олон нийтийн зөрчилд хөнгөн хандаж, яаравчлан хэлэлцэх, тодорхой шийдвэр гаргах боломжгүй нөхцөл бүрдсэнийг онцолжээ.

АН-ын бүлгийн зүгээс иргэдийн эрх ашиг, байгаль орчны аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих ёстой. Туул голын экосистемийг хамгаалах, Туулын хурдны замтай холбоотой асуудал нийслэлийн хэмжээнд бус, улсын бодлого, хууль эрх зүйн зохицуулалттай шууд холбоотой тул Засгийн газар, УИХ болон холбогдох байгууллагуудын нэгдсэн байр суурь гараагүй нөхцөлд НИТХ-аар яаравчлан хэлэлцэх нь зохисгүй гэжээ.

Тус хуралдаанаар Улаанбаатар хотод хэрэгжих мега төслүүд тэр дундаа “Туул голоо аваръя” хөдөлгөөн, “Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар хуралдаж, шийдвэр гаргах байсан.

Тэгвэл МАН-ын бүлгийн төлөөлөгчид хуралдаж “Туул голоо аваръя” хөдөлгөөн эхлүүлэх асуудлыг буцаан татаад байна. “Туул голоо аваръя” хөдөлгөөн өрнүүлэх тогтоолын төслийг хотын дарга Х.Нямбаатар боловсруулж, НИТХ-аар батлуулахаар өргөн мэдүүлээд байсан.

 “Туул голоо аваръя” хөдөлгөөн өрнүүлэх тогтоолын төсөл:

2.“ТУУЛ ГОЛОО АВАРЪЯ” хөдөлгөөний хүрээнд Туул гол болон түүний сав газрын экосистемийг хамгаалах, бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй тохижилт, ногоон байгууламж бүхий орчныг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч (Х.Нямбаатар)-д даалгасугай:

2.1.голын голдирол, татам, хөндийн хамгаалалтын бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангуулах, усны нөөцийг хамгаалах, байгалийн горим алдагдсан байршлуудад нөхөн сэргээлт хийх, зөрчил арилгах;
2.2.голын бохирдлыг бууруулах, орчныг хамгаалах, гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгальд ээлтэй тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх;
2.3.ундны усны нөөцийг нэмэгдүүлэх, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, голын экосистемийг сайжруулах ”Туул усан цогцолбор төсөл”-ийг хэрэгжүүлэх судалгааг хийж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх;
2.4.Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжаас үүдэлтэй үүссэн лаг хагшаасыг цэвэрлэх, байгаль орчны нөхөн сэргээлтийг зохион байгуулах, Туул голд нийлүүлж байгаа цэвэршүүлсэн усыг стандартад нийцүүлэх;
2.5.усны нөөцийн зохистой хэрэглээ, ашиглалтын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэх, мэдлэг, хандлагыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах;
2.6.хүнс үйлдвэрлэл, эрүүл мэндийн салбарын үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад хаягдал усаа цэвэршүүлэх урьдчилсан цэвэрлэх байгууламж барихад бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
3. "ТУУЛ ГОЛОО АВАРЪЯ” хөдөлгөөнийг бүхий л талаар дэмжин ажиллахыг иргэд, аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудад уриалсугай.

4. "ТУУЛ ГОЛОО АВАРЪЯ” хөдөлгөөнийг 2026-2030 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтийг хангаж, жил бүрийн дөрөвдүгээр улиралд багтаан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч (Х.Нямбаатар)-д үүрэг болгосугай.

Шийдвэрлэх асуудлууд:
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 69 дүгээр тогтоолоор тогтоосон усны сан бүхий газрийн энгийн хамгаалалтын бүсэд 2025 оны дүнгээр нийт 35,795 нэгж талбар газар эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нүхэн жорлонг буулгуулж, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлэх;
Туул голын сав дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй 131 аж ахуйн нэгж, байгууллагаас 2025 оны дүнгээр 43 аж ахуйн нэгж, байгууллага олборлох үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр аж ахуйн нэгж, байгууллагууд нь геологи, уул уурхай, байгаль орчны багц хуулиуд болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шалгалт хийж биелэлтийн хангуулах;
Туул голд олон жилийн турш хуримтлагдсан лаг үүсээд байгаа бөгөөд Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төв цэвэрлэх байгууламжийн гаргалгааны суваг Туул голтой нийлж байгаа хэсгээс доош Алтанбулаг сум хүртэл хуримтлагдсан лагийн судалгааг хийх, үүссэн лагийн хэмжээ, цэвэрлэхэд шаардагдах зардал, мөнгөн хөрөнгийг шийдвэрлэж лаг цэвэрлэх арга хэмжээ авах тус тус шаардлагатай байна.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.