0

Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр орой яаран сандран НИТХ-ын дарга А.Баярыг эзгүйд нь халааснаасаа 28 төлөөлөгч гаргаж ирээд огцруулчихлаа гэж харж байгаа ч цаана нь өөр улс төр өрнөж байгаа болов уу. Уг нь НИТХ-ын ээлжит хуралдаан болох тов байсан ч АН-ын бүлгээс хойшлуулах шаардлага бүхий албан бичгийг А.Баяр даргад хүргүүлж, хуралдааныг хойшлуулсан.
Тиймээс А.Баяр өчигдөр орой “НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Х.Нямбаатар дарга НИТХ-ыг хуралдуулахыг хүсэж, “Туулын хурдны зам” төсөлд улс төрийн дэмжлэг хүссэн. Нэгдүгээрт, энэ төсөл шалгагдаж байгаа. Хоёрдугаарт, УИХ, Засгийн газраас нэгдсэн шийдвэрт хүрээгүй. Гуравдугаарт, иргэд эсэргүүцэж байгаа учраас хэлэлцэх боломжгүй гэсний төлөө НИТХ-ыг хууль бусаар хуралдуулж, намайг огцруулж байна” хэмээн цахим хуудаснаа мэдэгджээ.
Гэтэл нөгөө талаас НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж буй Д.Ихбаярыг НИТХ-ын даргад нэр дэвшүүлж байгаагаа МАН-ын бүлгээс танилцуулсан. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид хуралдаж, намын үндсэн дүрмийн дагуу Д.Ихбаярыг НИТХ-ын даргад нэр дэвшүүлэх саналыг МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулахаар болжээ. Д.Ихбаярын хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Зөвлөхөөр ажилладаг, Ерөнхий сайд Н.Учралын ойрын хүн учраас нэг их саадгүй Удирдах зөвлөлийн босго давчих байх.
А.Баярыг эзгүйд АН-ын бүлгийн шаардлагын дагуу хуралдаан хойшлуулсан шийдвэртэй огцруулсан нь зарчмын хувьд буруу ч тогтоол зөрчөөгүй гэж үзжээ.
Өрнөж байгаа үйл явцаас харахад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар НИТХ-ыг гартаа авчихлаа. Одоо бол НИТХ Х.Нямбаатарын үгээр бус дээрээс үүрэг авч ажиллах нь тодорхой. Өөрөөр хэлбэл, Х.Нямбаатар НИТХ дахь халаасны төлөөлөгчид, эрх мэдлээ алдлаа гэсэн үг. Улмаар нийслэлийн МАН-ын хороог ч авах нь тодорхой харагдаж байна.
Энэ утгаараа маргаан дагуулаад буй “Туулын хурдны зам” төсөл ч явахгүй. Өөр бусад маргаантай байгаа төслүүдийг ч гацааж шалгах тодорхой харагдана.
С.Данзан
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.