0

Узбекистан Улсын Самарканд хотноо зохион байгуулагдаж буй Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Захирагч нарын жилийн уулзалтад Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн оролцож байна.
Жилийн уулзалтын үеэр АХБ-ны Гүйцэтгэх захирал Нүүр Ахмед болон Гүйцэтгэх захирлын орлогч Роландо Тунгпалан, АХБ-ны Зүүн Ази, Зүүн өмнөд Азийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Скотт Моррис, Зүүн Азийн газрын захирал Мухаммад Эсан нартай албан уулзалт хийлээ.
(3).png)
Уулзалтын үеэр талууд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөв, Засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн талаар танилцуулж, эдийн засгийг төрөлжүүлэх, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд болох хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хөгжүүлэх, эрчим хүч болон хөдөө аж ахуйн салбарын бодлогын шинэчлэлийг дэмжих, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов.
Мөн Монгол Улс 2026 онд Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК)-ийг даргалахтай холбогдуулан бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийг бэхжүүлэх чиглэлээр гаргах санаачилгууд, зохион байгуулах өндөр түвшний уулзалтууд, бүс нутгийн дэд бүтцийн бизнесийн уулзалтыг хамтран зохион байгуулах, энэ хүрээнд АХБ-ны идэвхтэй оролцоо, дэмжлэг чухал болохыг онцлов.
Түүнчлэн энэ үеэр Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (AIIB)-ны хамтын ажиллагаа, харилцаа хариуцсан бүсийн захирал Хонг Вэйтэй уулзаж, Монгол Улсад төр-хувийн хэвшлийн түншлэл, хувийн хэвшлийн чиглэлээр хамтран ажиллах боломжууд, цаашлаад Монгол Улс энэ жил КАРЕК хөтөлбөрийн Сайд нарын уулзалтыг даргалж байгаатай холбогдуулан хамтран ажиллахыг уриаллаа.
Мөн Жилийн уулзалтын үеэр Олон талт хамтын ажиллагааны хөгжлийн сан (MCDF)-ийн Гүйцэтгэх захирлын зөвлөх Аюүми Конишитэй уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр MCDF-ийн 2027–2031 оны стратегийг сайшаан тэмдэглэж, Монгол Улсад төслийн бэлтгэлийг сайжруулах, олон улсын стандарт хангасан төслүүдийг хөгжүүлэх чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов. Мөн тээвэр, хил холболт, бүс нутгийн нисэх буудлуудыг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлүүдийг онцлов.
Түүнчлэн буцалтгүй тусламж, техникийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн оролцоог идэвхжүүлэх чиглэлд хамтран ажиллах боломжуудыг хэлэлцэв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.