dobu.mndobu

Ц.САНДАГ-ОЧИР: COP17 ХУРАЛД “WCS”-ИЙНХЭН ТУРШЛАГА, ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛНА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА

0

НийтлэлчAdmin

Огноо2026-05-12

Ц.САНДАГ-ОЧИР: COP17 ХУРАЛД “WCS”-ИЙНХЭН ТУРШЛАГА, ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛНА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир АНУ-ын “Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг” (WCS)-ийн Монгол дахь хөтөлбөрийн захирал Жастин Шанти Александр тэргүүтэй эрдэмтэн, судлаачдыг өнөөдөр /2026.05.12/ хүлээн авч уулзан, зэрлэг ан амьтадыг хамгаалах, холбоос нутаг буюу коридорыг тодорхойлж, судлах, хамгаалах, энэ чиглэлээр холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах эсэх, СОР17 хурлын талаар санал солилцлоо. 

Уулзалтын эхэнд хатагтай Жастин Шанти Александр говь, хээр, хангайн бүс болон баруун чиглэлд тархан нутагшсан бүхий л төрлийн зэрлэг амьтны тархалт, шилжилт хөдөлгөөн, байгаль орчны чиглэлээр судалгаа, шинжилгээ явуулж байгаа бөгөөд тусгай хамгаалалттай газар нутаг, малчдын нөхөрлөлд түшиглэсэн байгаль хамгааллыг сум орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагатай хамтран дэмжиж байгааг танилцууллаа.

Сайд Ц.Сандаг-Очир зэрлэг амьтан хамгааллыг олон улсын хамгаалалтын зэрэглэлд хүргэхэд “Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг”-ийн оруулсан үнэтэй хувь хувь нэмэрт талархал илэрхийлээд энэхүү үйлс нь зөвхөн биологийн олон янз байдлыг хадгалахад бус, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх үнэт баялаг болж байгааг тодотголоо. 

БОУАӨЯ нь “Даян Дэлхийн Байгаль Орчны Сан” (GEF)-гийн санхүүжилттэй НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-тай хамтран “Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг” (WCS)-ээс хэрэгжүүлж буй “Хангайн бүсийн уулын ландшафтыг нөхөн сэргээж, хамгаалах замаар экосистемийн үйлчилгээ болон орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах” төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү төслийг 2026 оны 08 дугаар сарын 14-27-ны хооронд болох СОР17 хурлын үеэр экосистемийн нөхөн сэргээлтийн хамгийн шинэлэг, “жишиг төсөл” болгон дэлхий нийтэд танилцуулахыг зорьж байна гэдгийг тэрбээр онцолж, тус хуралд “Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг” нь туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Хурлын үеэр хулан, хар сүүлт, цагаан зээр, монгол бөхөнгийн тоо, толгойг үндэсний хэмжээнд нарийн тодорхойлох, хамгаалах, төмөр зам, авто замын гарц гаргах, зэрлэг амьтад ээлтэй байхаар шийддэг байх, нэгэнт баригдсан автозам, төмөр замын байгууламжаар зэрлэг амьтад чөлөөтэй шилжилт хөдөлгөөн хийх боломжийг бүрдүүлэх, холбоос нутгийг бий болгох, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллын ажлыг эрчимжүүлэх, холбогдох хууль, тогтоомжид тусгах чиглэлд хамтран ажиллах нь зүйтэй гэдэгт талууд байр сууриа нэгтгэлээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.