dobu.mndobu

Олон түвшний уулзвар төсөл нь замын хөдөлгөөний ачаалал өндөр, түгжрэл тогтмол үүсдэг байршлуудад хэрэгжинэ

Олон түвшний уулзвар төсөл нь замын хөдөлгөөний ачаалал өндөр, түгжрэл тогтмол үүсдэг байршлуудад хэрэгжинэ

“Олон түвшний уулзвар” төсөл нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, замын ачааллыг тэнцвэржүүлэх, иргэдийн зорчих хугацааг багасгах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах зорилготой юм.

Төслийн хүрээнд нийслэлийн төв болон хөдөлгөөний ачаалал өндөртэй бүсүүдэд олон түвшний уулзварууд байгуулагдах бөгөөд ингэснээр гэрлэн дохионы саатал буурч, хөдөлгөөний урсгал тасралтгүй болох нөхцөл бүрдэх аж.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Офицеруудын уулзвар, Хан-Уул дүүргийн МИТС-ийн уулзвар, Сонгинохайрхан дүүргийн Моносын уулзвар, Хан-Уул дүүргийн Наадамчдын зам дээрх явган хүний гүүрэн байгууламж, мөн Баянзүрх дүүргийн Нарт хотхоны зүүн талд байрлах үерийн далан дээрх гүүрэн байгууламж зэрэг нийт таван байршилд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Эдгээр байршлууд нь түгжрэл тогтмол үүсдэг, хөдөлгөөний ачаалал хамгийн өндөр бүсүүдэд тооцогддог бөгөөд төслийг хэрэгжүүлснээр хотын замын сүлжээний уялдаа холбоо мэдэгдэхүйц сайжрах юм.

Одоогоор таван байршилд инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажил дуусч, Зам, тээврийн хөгжлийн төвөөр магадлуулсан байна. Цаашид барилга угсралтын ажлыг үе шаттайгаар эхлүүлэхээр төлөвлөжээ.

Судалгаагаар уг төслийг бүрэн хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэж, түгжрэлийн түвшин буурах тооцоо гарсан байна. Мөн түлшний зарцуулалт, агаарын бохирдол, хөдөлгөөнд зарцуулах хугацаа багасч, эдийн засгийн идэвхжилд эерэг нөлөө үзүүлэх аж.

“Олон түвшний уулзвар” төсөл нь зөвхөн замын байгууламж барих ажил бус, нийслэлийн ирээдүйн хөгжлийн суурь болсон орчин үеийн авто замын сүлжээг бүрдүүлэх, дэд бүтцийн шинэчлэлийг эрчимжүүлэх стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт гэж үзэж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.