dobu.mndobu

“Монгол-Хятадын экологийн эдийн засгийн коридор” олон улсын хурал амжилттай зохион байгуулагдлаа

“Монгол-Хятадын экологийн эдийн засгийн коридор” олон улсын хурал амжилттай зохион байгуулагдлаа

Удахгүй болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг угтан, Монгол Улсын ногоон хөгжлийн бодлогыг хөрш орнуудын туршлагатай уялдуулах зорилго бүхий “Монгол-Хятадын экологийн эдийн засгийн коридор: Бодлогын уялдаа ба Практик шийдлүүд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, практикийн хурал 2026 оны 05 дугаар сарын 13-нд ЭЗХЯ-ны дэргэдэх “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д амжилттай зохион байгуулагдлаа.

Тус хурлыг Эдийн засаг, хөгжлийн яам, “Нэг бүс нэг зам” Хамтын хөгжил судалгааны төв болон CGTN (Хятадын төв радио телевиз) хамтран зохион байгуулсан бөгөөд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам дэмжин оролцов.

Хурлын нээлтийн үйл ажиллагаанд ЭЗХЯ-ны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогын газрын дарга Д.Эрдэнэтуяа оролцож үг хэлэв. Мөн нээлтийн үйл ажиллагаанд БНХАУ-ын ЭСЯ-ны Худалдааны зөвлөх Лиү Зинжи, Фүдань их сургуулийн профессор Хуан Рэньвэй нар оролцож, хоёр орны ногоон хөгжлийн түншлэл, дэлхийн экологийн засаглалын талаар байр сууриа илэрхийллээ.

Энэхүү хурлын гол онцлог нь эрдэмтдийн онолын судалгааг бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалттай шууд холбох практик шийдлүүдийг эрэлхийлсэнд оршино. Хурлын үндсэн хэлэлцүүлэг дараах 5 чухал сэдвийн хүрээнд өрнөж, салбарын мэргэжилтнүүд санал солилцов.

Үүнд:

"Тогтвортой санхүүжилт ба Тэрбум мод: Хувийн хэвшлийн оролцоонд суурилсан загвар" сэдвээр "Тэрбум мод" сангийн Гадаад харилцаа хамтын ажиллагааны менежер Д.Сарангоо;
"Монгол Улсад нүүрстөрөгчийн зах зээлд суурилсан хувийн хэвшлийн бизнес моделийг хөгжүүлэх боломж" судлаач Д.Сүхбаатар;
"Эрчим хүчний тархмал эх үүсвэр дэх БНХАУ-ын туршлага ба Монгол улсын боломж" сэдвээр ШУТИС-ийн дэд профессор, доктор Д.Үлэмж;
"Бэлчээрийн төлөв байдал ба Экосистемийн үйлчилгээний төлбөрийн (PES) механизмыг орон нутагт хэрэгжүүлэх нь" сэдвээр Уудам хангайн сүрэг ТББ-ын зөвлөх, доктор Л.Болор-Эрдэнэ;
"Хуурай хээрийн бүсэд усны хэмнэлттэй технологийг ашиглах боломж" сэдвээр ШУА-ын Бага чуулганы гишүүн, дэд профессор Х.Мөнхтуяа нар тус тус илтгэл танилцууллаа.


Хурлын ерөнхий зохион байгуулагч, "Нэг бүс нэг зам" Хамтын хөгжил судалгааны төвийн тэргүүн, доктор Т.Чулуун-Эрдэнэ хурлыг дүгнэж хэлэхдээ, байгаль хамгааллын ажил бол зөвхөн зардал гаргадаг салбар бус, харин 'хөрөнгө оруулалт, эдийн засгийн шинэ салбар' юм.  Энэ зорилгоор бид өнөөдөр зөвхөн эрдэмтэн судлаачдыг цуглуулж онол ярихыг хүссэнгүй, харин шийдвэр гаргагчид, эрдэмтэд, хамгийн гол нь хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийг нэг дор урьж, 'Практик шийдэл' олохыг зорьсон юм гэв.

Тус хурлаас гарах үр дүн, бодлогын зөвлөмжүүд нь ирэх 8 дугаар сард манай улсад зохион байгуулагдах COP17 дэлхийн чуулга уулзалтын бэлтгэл ажилд чухал хувь нэмэр оруулах бөгөөд гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан шинжлэх ухааны үндэслэлтэй "Замын зураг" болох юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.