0

Япон улсад лабораторийн нөхцөлд үржүүлсэн могой загасыг анх удаа худалдаанд гаргахаар болжээ. Энэхүү шийдвэр нь устаж үгүй болох аюулд орсон зэрлэг могой загасанд ирэх дарамтыг бууруулах чухал алхам болж магадгүй гэж албаныхан мэдээлэв.
Сүүлийн жилүүдэд дэлхий даяар могой загасны тоо толгой эрс буурч байгаа бөгөөд үүнд усны бохирдол, намгархаг газрын сүйдэл, усан цахилгаан станцын далан болон хэт их загасчлал зэрэг хүний үйл ажиллагаа голлон нөлөөлж байгааг эрдэмтэд онцолж байна.
Могой загас нь Япон болон Азийн орнуудад өргөн хэрэглэгддэг, өндөр үнэлэмжтэй хүнсний бүтээгдэхүүн бөгөөд ялангуяа Японд “унаги” нэрээр алдартай. Ихэвчлэн шарж, чихэрлэг сүмсээр амталсан байдлаар хэрэглэдэг уламжлалтай.
Японы судлаачид 2010 онд лабораторийн орчинд өндгөн эсээс могой загас амжилттай үржүүлж чадсан ч өртөг өндөр байсан тул олон жилийн турш үйлдвэрлэлийн зардлыг бууруулах судалгаа хийжээ. Загасны аж ахуйн агентлагийн төлөөлөгч Ясутака Окамотогийн хэлснээр, нэг зулзага могой загасны өртөг анх нэг сая иенээс давж байсан бол одоо 1800 иен хүртэл буурсан байна.
Одоогоор энэ үнэ нь зэрлэг могой загасны зулзагаас 3-4 дахин өндөр хэвээр байгаа ч зах зээлийн хариу үйлдлийг турших цаг болсон гэж үзжээ.
Бүрэн фермийн аргаар өсгөсөн могой загасаар хийсэн “кабаяки” бүтээгдэхүүнийг энэ сарын 29-нөөс Токио хотын их дэлгүүрүүд болон Японы онлайн худалдааны платформуудаар борлуулах юм байна. Хоёр ширхэг кабаяки могой загасны үнэ ойролцоогоор 9000 иен байх аж.
Төслийг Японы засгийн газрын судалгааны байгууллагууд, их сургуулиуд болон хувийн хэвшлийн компаниуд хамтран хэрэгжүүлжээ. Могой загас үржүүлгийн “Ямада Суисан” компани үүнийг дэлхийд анх удаа хэрэгжүүлж буйгаа мэдэгдээд, ирээдүйд бүрэн фермийн могой загасыг арилжааны түвшинд хөгжүүлэх чухал алхам хэмээн онцолсон байна.
Олон улсын байгаль хамгаалах холбооны мэдээллээр Японы болон Америкийн могой загас устах аюулд орсон ангилалд багтдаг бол Европын могой загасыг бүрэн устах өндөр эрсдэлтэй гэж үздэг юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.