0

Их Британийн Кент мужийн 32 настай доктор Александра Адамс сонсгол, харааны хавсарсан бэрхшээлтэй хэдий ч анагаахын боловсрол эзэмшиж, тус улсын анхны сонсгол, харааны бэрхшээлтэй эмч болж түүх бүтээжээ.
Тэрбээр төрөлхийн сонсголгүй бөгөөд харааны хувьд зүүн нүднийхээ төв хэсгээр тав хүрэхгүй хувийн хараатай, хоёр чихнийх нь сонсгол хүнд болон маш хүнд хэлбэрээр буурсан байна.
Александра эмч болох хүсэлтэй болсон түүх 16 настай үеэс нь эхэлжээ. Тухайн үед мэс заслын дараах хүндрэл гарч, нэг жил гаруй хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Энэ үеэр нэгэн эмч түүнээс “Чи зүгээр үү?” гэж асууж, өөрийнхөө хэвлий дэх мэс заслын сорвийг харуулан “Би чамайг ямар байгааг ойлгож байна” хэмээн хэлжээ. Эмчийн энэхүү хүнлэг, энэрэнгүй хандлага түүнд бусдын зовлонг ойлгож, өвчтөнүүддээ чин сэтгэлээсээ ханддаг эмч болох хүсэл төрүүлсэн аж.
Гэвч түүний эмч болох замнал амар байгаагүй. COVID-19 цар тахлын үеэр уушгины олон судасны бөглөрөл, уушгины хатгалгаа, цусан халдвар зэрэг хүнд өвчний улмаас 17 сарын турш эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Мөн шигүү мөхлөгт эсийн идэвхжлийн хам шинж (MCAS) оношлогдсон бөгөөд одоо хүчилтөрөгчийн аппаратыг байнга хэрэглэх шаардлагатай байдаг байна.
Үүнээс гадна суралцах хугацаандаа хөгжлийн бэрхшээлтэй гэх шалтгаанаар ялгаварлан гадуурхалтад өртөж байжээ. Анхны эмнэлзүйн дадлагын үеэр ахлах эмч түүнээс “Та өөрөө хөгжлийн бэрхшээлтэй эмчээр эмчлүүлэхийг хүсэх үү?” гэж асуугаад, ердөө 30 минутын дараа дадлагаас нь буцаасан байна.
Тэрбээр энэ нөхцөл байдлын улмаас анагаахын сургуулиасаа хоёр жилийн завсарлага авч, Лондон дахь Northeastern University-д бүтээлч бичлэгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ. Үүний дараа эргэн суралцаж, анагаахын боловсролоо бүрэн эзэмшсэн бөгөөд эмч болохын тулд нийт 10 гаруй жил зарцуулсан байна.
Одоо Александра Адамс Дорсет мужид бага эмчээр ажиллаж байгаа аж. Тэрбээр өвчтөнөө чагнахдаа сонсголын аппараттайгаа Bluetooth холболтоор холбогддог тусгай чагнуур ашигладаг. Мөн судас олохдоо хүрэлцэхүйн мэдрэхүйгээ ашиглаж, гараар бичсэн тэмдэглэлийг гар утсаараа уншуулан дуугаар сонсдог байна.
Тэрбээр өөрийн амжилтын талаар ярихдаа хөгжлийн бэрхшээл нь эмч болох замд нь саад болоогүй, харин бусад хүмүүсийн хандлага, өрөөсгөл ойлголт хамгийн том бэрхшээл байсан гэдгийг онцолжээ.
Ийнхүү олон жилийн турш тууштай хөдөлмөрлөж, нийгмийн ялгаварлан гадуурхалтыг даван туулсан Александра Адамс Их Британийн анагаах ухааны салбарт түүхэн амжилт гаргалаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.