dobu.mndobu

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

0

НийтлэлчAdmin

Огноо2026-05-29

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.29/ Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Л.Мөнхбаатар, Х.Булгантуяа, М.Мандхай,  С.Цэнгүүн, Б.Пунсалмаа, С.Эрдэнэболд нараас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Олон улсын туршлагаас үзэхэд эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмын хүрээнд зорилтот бүлэгт чиглэсэн сургалт, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлэх нь хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд өндөр үр нөлөөтэй. Ялангуяа цэргийн болон бусад хаалттай орчинд хүний эрхийн боловсролыг системтэй олгох нь дүрмийн бус харьцаа, хүчирхийлэл, хүнлэг бус хандлагыг бууруулах, зөрчлийг эрт илрүүлэх, таслан зогсоох боломжийг нэмэгдүүлдэг болохыг олон улсын байгууллагуудын зөвлөмж, судалгаанд онцлон дурдсан байдгийг төсөл санаачлагчид танилцуулгадаа онцлов.

Энэхүү хуулийн төслөөр цэргийн анги, байгууллага дээр гарч байгаа хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, байнгын сургалт, хяналт шинжилгээ, дүгнэлт хийх боломжийг нээж буйг төсөл санаачлагч гишүүн С.Одонтуяа тодотголоо. Мөн Улсын Их Хурлын 37 гишүүн дэмжиж өргөн мэдүүлж буй энэ төсөлд Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт нэмэлт оруулж, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиг үүргийг илүү тодорхой, зорилтот бүлэгт чиглэсэн байдлаар хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх агуулгыг тусгасан гэв.

Тодруулбал, олон нийт болон төрийн албан тушаалтнуудад хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг түгээх чиг үүргийг өргөжүүлж, цэргийн алба хаагчдад зориулсан сургалт, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах зохицуулалтыг шинээр тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар цэргийн алба хаагчдад чиглэсэн хүний эрхийн сургалтыг хуульчлан тогтмолжуулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгох, салбарын онцлогт нийцсэн арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх ач холбогдолтой төдийгүй  нэмэлт зардал шаардахгүй бөгөөд асуудал хариуцсан байгууллагын үндсэн төсвийн хүрээнд шийдвэрлээд явах боломжтой гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.