0

УИХ, ЗГ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут НҮБ-ын Хүүхдийн Сангийн (UNICEF) Монгол дахь суурин төлөөлөгч Биате Дастелийг хүлээн авч уулзаж, салбар хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр хатагтай Биате Дастел алслагдсан бүсийн хүүхдүүдэд хүрч ажиллахад цэргийн байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэдгийг тэмдэглээд, цаашид цэргийн ангиудын дэд бүтэц, хүртээмжид тулгуурлан хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, ус, ариун цэвэр, эрүүл ахуйн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн, өсвөр насны хүүхдүүд 18 нас хүрсний дараа эрүүл мэндийн хяналтын тогтолцооны залгамж холбоо сулардаг асуудлыг хөндөж, цэргийн албанд татагдаж буй залуучуудын эрүүл мэндийн үзлэг, бүртгэлийн систем дээр тулгуурлан тэдний эрүүл мэндийг тасралтгүй хянах, урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулахад хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг онцоллоо.
Батлан хамгаалах салбар 2026 оныг “Хүн төвтэй хөгжил-Шинэчлэлтийн жил" болгон зарласныг сайд Д.Батлут танилцуулж, хүний хөгжлийн асуудал болох эрүүл мэнд, боловсрол, амьдрах орчны нөхцөлийг тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байгаагаа онцоллоо.
Тэрбээр цэргийн алба хаагчид болон тэдний гэр бүлийг дэмжих хүрээнд:
• Цэргийн алба хаагчдын эрүүл мэндийн хяналт, урьдчилан сэргийлэх үзлэгийг сайжруулах;
• Амьдралын зөв дадал хэвшил, эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг өргөжүүлэх;
• Цэргийн алба хаагчдын гэр бүлийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор бичил үйлдвэрлэл, бичил бизнесийг дэмжих, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах боломжийг судлах;
• Цэргийн алба хаах хугацаанд мэргэжлийн болон техникийн ур чадвар эзэмшүүлж, орон нутагтаа хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх чиглэлүүдээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Харин Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал С.Ганбямба уулзалтын үеэр алслагдсан бүсэд байрлах цэргийн ангиудын гэр бүлийн хүүхдүүдийн эрх, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийн асуудлыг хөндлөө.
Мөн орон нутаг дахь эрүүл мэндийн үйлчилгээний цэгүүдийн тоног төхөөрөмжийн хэрэгцээ, хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд, ус, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламжийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ танилцуулав.
Уулзалтын төгсгөлд талууд алслагдсан бүс нутгийн хүүхдүүдийн боловсролын хүртээмж, түүний дотор амны хөндийн эрүүл мэнд, ус, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад хамтын ажиллагааны боломжийг үргэлжлүүлэн судалж, яриа хэлэлцээг идэвхжүүлэхээр тогтов.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.